Эхийн эндэгдлийн дийлэнх хувийг малчин, ядуу эхчүүд эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Эхийн эндэгдлийн дийлэнх хувийг малчин, ядуу эхчүүд эзэлж байна

“Нинжа нарын нөхөрлөл”-ийг бий болгох төслийг дэмжлээ

Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх байлаа. Өн­гө­рөгч 2009 оны эцэст гаргасан судал­гаагаар 18 аймгийн 57 сумын 100 гаруй цэгт 35 мянга орчим хувиараа ашигт малтмал олборлогч иргэд ажиллаж байжээ. Эдгээрийн 90 орчим хувийг алтны үндсэн ба шороон ордоос алт олборлогчид буюу “нинжа” нар эзэлдэг.
Шинээр боловсруулсан хуулийн төсөлд бичил уурхайгаас ашигт малтмал олборлох харилцааг Ашигт малтмалын тухай хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулж, Зас­гийн газраас журам гарган зохи­цуулахыг заажээ. Мөн төсөлд дурд­санаар бичил уурхайд ашигт малтмал олборлохын тулд нөхөр­лөл үүсгэн бүртгүүлээд тодорхой хэмжээний татвар төлж ажиллах, нөхөн сэргээлт хийх үүр­­гийг нь оруулж өгсөн байна.
Асууд­лыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэйг гишүүд дэмжсэн боловч  томоохон уул уурхайгаараа нөхөн сэргээлт хийлгэж чадахгүй байхад бичил уурхайн нөхөрлөлөөр нө­хөн сэргээлт хийлгэх нь юу л бол цианит нат­ри, мөнгөн ус, хүний эрх, хө­дөл­мөрийн аюулгүй байдлыг ший­­­дэж чадаагүй байгаа энэ үед хуулийн төслийн агуулгыг хан­галт­гүй боловсруулсан байгааг анхааруулж ажлын хэсгээр на­рийвч­­лан үзэхийг хүслээ.  

Хонгорт эх эндээгүй гэв

Үдээс хойшхи УИХ-ын нэгдсэн чуулганы Засгийн газрын мэдээл­лийн цагаар Улсын Их Хурлын ги­шүүн С.Оюун, Д.Оюунхорол на­рын “Эх, нялхсын эндэгдлийг буу­­­­­­­­­­­­­руу­­лах, төрөх эмнэлгүүдийн ачаа­лал, төсөв, хангамж, эмч, мэр­гэ­­жилт­­­ний тоо, чадварын та­лаар хэ­рэг­жүүлж буй бодлогын талаарх асуулга”-ын хариуд Эрүүл Мэндийн Сайд С.Ламбаагийн т­а­нил­­цуулгыг сонслоо.
Мон­гол Улсын нутаг дэвсгэрийн нийт бүсүүдэд шаталсан байдлаар 2100 гаруй эрүүл мэндийн бай­гуул­лага ажиллаж байна.  Гэвч амар­жих газрууд нь хүн ам 600 мянга байх үеийн хуучин хүчин чадлаар ажиллаж байгаа нь төрөх тасгийн ачааллыг нэмэгдүүлж байгаа юм.
Өнгөрсөн 2009 онд 68544 эх амаржсанаас 56 нь энджээ. 2010 эхний таван сарын байдлаар 27584 эх амаржсанаас 14 нь энд­сэн байна. Хэдийгээр эхийн эн­дэг­дэл өндөртэй орноос дунд­тай оронд шилжсэн ч багасгах болом­жийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа аж. Өнгөрсөн оны эхийн эндэгдлийн шалтгаанд томуугын цар тахлын үе нөлөөлсөн хэдий ч хүн амын 32 хувийг эзэлж буй ядуурал нь байнгын хүндрэл үүсгэж байгаа тухай Эрүүл мэндийн сайд ярилаа.  Тухайлбал нөхөн үр­жи­хүйн насны эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь ямар нэгэн ар­хаг суурь өвчтэй, жирэмсэн эмэг­тэйчүүдийн 11,5% нь цус ба­га­­далт­тай, эндэж буй эхийн эндэгдлийн 33 хувь нь сүрьеэ, зүрх судасны болон амьсгалын замын өвчин, хорт хавдар зэрэг өвчний улмаас нас барж байгаа юм байна.
Улаанбаатар хотод эндсэн нийт эхийн 23 хувь нь нийслэл хотод шилжин суурьших бүртгэл­гүй, бүрт­гэгдсэн хаягандаа амьдар­даг­гүй эхчүүд байжээ. Төрж буй эхчүүдийн 30 хувийг малчин эхчүүд эзэлж байгаа ч эндсэн эхийн 40 орчим хувийг малчин, 30 гаруй хувийг ажилгүй эмэгтэйчүүд эзэлж байгаа нь анхаарал татах асуудал болжээ.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн эн­дэг­дэл буурч байгаа хэдий ч нярайн эндэгдлийн эзлэх хувь өндөр байгаа. Зөвхөн нярайн бүтэлтээс үүдсэн эндэгдэл нийт эндэгдлийн 51 хувийг дангаар эзэлж байгаа нь төрөх үйлчилгээг цаг алдаж хий­дэг, эмч нарын хайхрамжгүй байдал зэрэгтэй холбоотой гэнэ. Үүн­тэй холбогдуулан гишүүд шүүмж­лэл хэлж, эмч мэргэжилтэн бэлт­гэдэг сургалтын тогтолцоонд нь хариуцлага, ёс зүйн асуудлыг тус­гах хэрэгтэйг анхаарууллаа.
Мөн эмнэлгийн орны тоог нэмэг­дүүлэх, шинэ эмнэлэг бай­гуулах шаардлага байгааг ги­шүү­дээс ан­хааруулж, Эх, нялхсын эн­дэг­дэлд хэн хариуцлага хүлээх вэ. Нэгдүгээр төрөх эмнэлэгт гарсан эндэгдлийн бурууг хуучирсан, мөө­гөн­цөртэй гээд байгаа бай­шин хүлээх хэрэг үү. Эмч нар эм­нэл­гийн дотоод ариун цэврийн дүр­мээ бариагүйгээс халдвар гарч хүүхдүүд амиа алдсан. Эх эрүүл байж, хүүхэд нь эрүүл төр­дөг ёстой. Өнөөдөр бараг бүх эмэг­тэйчүүд өвчтэй болсныг юу гэж ойлгох вэ? зэрэг асуултыг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тавилаа. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа үүнд “Эмнэлгийн дотоод халдвар дотоодын хяналт алдагдсанаас үүсдэг. Дотоод халдвар яаж үүссэн нь тогтоогдсон. Бохирын шугам задран бохир алдагдсан. 1931 онд баригдсан барилгыг яаж ч засаад мөөгөнцөр нь дарагдахгүй байгаа шүү дээ. Жирэмсний хяналт, ургийн шинжилгээ байхгүй гэдэг үнэн. Одоо өрхийн эмнэлгүүд хяналтаа та­виад явж байгаа. Гэхдээ эхчүүд өөрсдөө хяналтад орж байна уу, үгүй юу гэдэг бас асуудал. Нас барсан хүмүүсийн тодорхой хувь нь хаягийн бүртгэлгүй, байршил нь тодорхойгүй хүмүүс байсан” гэх тайлбарыг хийлээ. Мөн Хонгор суманд хордлогоос болж хичнээн эх эндээд байгааг асуухад Эрүүл мэндийн сайд “Хон­гор суманд эхийн эндэгдэл ерөө­сөө гараагүй гэдгийг албан ёсоор мэ­­дэгдэж байна. Зүгээр бай­га­­­лийн­хаа жамаар нас барсан хүнийг хүртэл хордож үхлээ гэдэг. Ийм яриагаа одоо болих хэрэгтэй” гэж хариуллаа.  

Тайширын УЦС-ын ажлын явцтай танилцав

Мөн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Даш­дорж, Б.Чойжилсүрэн на­раас Байгаль орчин, аялал жуулч­­­­ла­лын сайд Л.Гансүх, Эр­дэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт хандаж тавьсан “Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны явц болон байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах асуудлаар хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаархи асуулга”-ын хариуг сонссон юм.
Говь-Алтай аймгийн Тайшир сум болон Ховд аймгийн Дөргөн суманд баригдсан УЦС-ууд нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллахаар тооцож зураг төсөл хийгдсэн, барилга угсралтын ажил 2008 оны аравдугаар сар дуусч техникийн болон ажлын комисс акт гаргасан ч одоогоор зөвхөн жижиг агрегатыг л байнгын ажиллагаанд оруулжээ.
Сүүлийн жилүүдэд гантай байс­ны улмаас Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт хангалтгүй байж үүний улмаас хүчин чад­лаар нь ажиллуулж чадахгүйд хү­рээд байгаа гэнэ. Станцын том агрегатуудыг ажиллуулж эх­лүү­лэх түвшин нь 1696 метрээс доош­гүй байх ёстой.  Усан сангийн дүүргэлтийг гурван жилийн өмнөөс эхэлж, одоогоор 1684.2 мерт хүрч, тогтоосон хэмжээнд хүрэхэд 12 метр үлдээд байгаа гэнэ.
Төслийн техник эдийн засгийн үндэслэлд голын урсацыг олон жи­лийн дунджаар тооцож далан бай­гуулах зорилгоор голын урс­га­лыг шилжүүлэн урсгах туннелийг боож усан сангийн дүүргэлт эхэлс­нээс хойш дунджаар 2,5 жилд дүүрэх ёстой, дээд тал нь таван жил гэж тооцоолсон байдаг. Ха­рам­салтай нь тухайн бүс нутагт олон жил дараа­лан нүүрлэсэн хуурайшилт, ган га­чиг, голын эхэнд алт олборлох үйл ажиллагаа явуулсан зэргээс шалт­г­аалан голын олон жилийн дун­даж урсац нь 2,3 дахин буюу 5,4 шоометр/секунд болж буурснаас усан сан­гийн дүүргэлт удааширчээ. Харин өнгөрсөн оны өвөл Завхан голын эхээр өнгөрсөн гурван жилтэй харь­цуулахад харьцангуй их цас орсон, мөн Хангайн нурууны өв­рөөс эх авсан голуудад шар усны үер багагүй буусан зэргээс усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдсэн байна.
Усан сангийн дүүргэлтийн түвшин энэ оны есдүгээр сар гэхэд 1690-1693 метрт хүрэх бөгөөд тэр үед Завхан аймгийн Тэлмэн сум хүртэлх 140 км шугамыг туршина. Энэ жилийн тухайд Говь-Алтай аймгийн тө­вийг эрчим хүчээр хангах гэнэ. Харин Завхан аймагт эрчим хүч өгч чадахгүй, ирэх жилээс станц төслийн бүрэн хүчин чадлаараа ажил­лах боломжтой гэлээ.
Гишүүн Б.Балдан-Очир “Байгаль орчны ийм их эрсдэлтэй нөхцөлд өмнө нь бат­лагд­­сан сэргээгдэх эрчим хүч­ний төслүүдийг УИХ, Засгийн газар, холбогдох яамд эргэн авч үзэж, эрсдэл багатай, байгальд халгүй өөр эх үүсвэрийг эрж хайх цаг болжээ” гээд Завхан голын усны нөөцийн арав гаруй хувийг гуулингийн услалтын систем рүү ямар нэг далан хаалтгүйгээр нэвтрүүлж үргүй урсгаж буйд хараа хяналт тогтоохыг сайд нараас хүссэнээр чуулганы энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж