&#34Цөөнхийн хувьд тоглоомын дүрэм нь өөр юм байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

&#34Цөөнхийн хувьд тоглоомын дүрэм нь өөр юм байна&#34

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал яг ямар байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье. УИХ, Засгийн газар юу хийж байна?

 -Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндрэх нь байна шүү, эрх баригчдыг өөрсдийнхөө хүлээж буй эрх үүргийг ухамсарлаж, хариуцаж буй ажилдаа эзэн болж, өөрсдийнхөө чадал чансааг шавхаж ажиллаач гэж би өнгөрсөн оны нэг­дүгээр сараас эхлээд хэлж, сануулж байсан. 1,5 тэрбумын Чингис бондыг гаргахад нь ямар үр нөлөө авчрах ямар төсөлд, яаж зар­цуулах вэ гэдэг шийдлээ олоогүй байж гаргачихлаа. Өдөрт нэг цэцэрлэг барьчих хэмжээний хүү төлж байна гэж хэлж байсан. Дөрөвдүгээр сард мөн л болохгүй байгааг нь хэлж, Ерөнхий сайдыг хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлж чадахгүй байгааг нь анхааруулж, огцруулах хүртэл асуудлыг тавьсан. Ийм байдлаар бид асуудалд хандаж байсан. Харамсалтай нь, нөхөд бүх зүйлийг болж бүтэж байна, та нар юм бүгдийг битгий муу муухай өнцгөөс харж бай гэцгээсэн. Өнөөдөр бодит байдал дээр тийм сайн биш байсныг ойлгосон байх. Монгол Улсын төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр дутах нь, Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний үнэ уналаа. Эрдэнэс Тавантолгойн төсөл зогссон байна. Иймд бид төсвийн тодотголоо хэлэлцэх, эдийн засгийг сайжруулах яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүднээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагыг удаа дараалан тавьсан. Харамсалтай нь, есдүгээр сарын сүүл хүргэж байж ээлжит бус чуулган хуралдахаар боллоо. Гэвч хэлэлцэхээр оруулж ирсэн асуудал нь тийм ч цаг үеэ олсон асуудлууд байв уу, үгүй юу гэдэг байна. Ямартаа ч таван хуулийн төсөл ээлжит бус чуулганд оруулж ирсэн. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Урт нэртэй хууль, Алтны татварт хөнгөлөлт үзүүлэх тухай, Түгээмэл тархацтай газарт ашигт малтмал ашиглах тухай хуулиудыг хэлэлцэхээр болсон. Өнөө­­­дөр төсвийн орлого бүрдэхгүй, зард­­лаа санхүүжүүлж чадахгүй хэм­жээнд хүрсэн. Иймд үед яах ёстой юм, экспортын бараа бүтээгдэхүүн болон валютын орлогыг яаж нэмэх вэ гэдгээ ярих ёстой байсан. Бид инфляцийг импортлож байна шүү дээ. Харамсалтай нь, оруулж ирсэн төслүүд нь ч сайн боловсруулагдаагүй байсан. Таван хуулийн төслийг гурвыг нь хэлэлцэхээр болсон. Хоёрыг нь хэлэлцэлгүй хойшлуулсан. Хэлэл­цэхээр болсон хоёр хуулийн эхнийх дээр нь 80 гаруй, нөгөө дээр нь 200 гаруй зарчмын зөрүүтэй санал гарч жишээтэй. Ингэж УИХ-ын Тамгын газар, гишүүд, Засгийн газар дутуу дулимаг, хөнгөн хуумгай хандсан. Яах вэ, оруулж ирсэн төслийг сайж­руулах, чанаржуулах гэж нэлээд ажилласан. Гэхдээ л чуулган ээлжит бусаар хуралдах хугацаандаа баталж чадаагүй. Ийм л байдалтай байна.

-Ээлжит чуулган хуралд­санаар эдийн засгийн үзүү­лэлтэд нааштай өөрчлөлт гарсангүй юу?

 -Чуулган хуралдангуут нөхцөл байдал тийм хурдан нааштай бол­чихно гэж байхгүй л дээ. УИХ-аас батлан гаргаж буй хуулийн үр өгөөж нь тодорхой хугацааны дараа л харагддаг. Түүнээс биш өнөөдөр хууль батлаад л, өвдөж бай­сан өвчнийг нь зүгээр болгож, гэнэтхэн өргөс авчихдаг шиг зүйл байхгүй. Аль болох цаг алдахгүй, хурдан хугацаанд, чанартай хууль боловс­руулж, бидний боловсруулж баталсан хуулийг Засгийн газар маань санаачлагатай хариуцлагатай хэрэгжүүлж байж л үр дүнгээ өгнө. Урьд өмнө баталсан “Урт нэртэй” хууль Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиудыг Засгийн газар хэрэг­жүүлэх тал дээр сэтгэл гаргаж ажиллаагүй л байхгүй юу. Үүнийг би хаана ч хэлнэ. Хэрэв Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байсан бол асуудлууд ийм сөрөг байдалтайгаар яригдахгүй л байх. Хэрэгжүүлэх нь битгий хэл “энэ хууль их муухай зүйл. Муу учраас өөрчлөх ёстой” гэх сөрөг байдлаар сурталчилсны дүнд гадны хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр буур­сан.

-Эдийн засгийн нөхцөл байдал юунаас шалтгаалан муудсан болон цаашид авах арга хэмжээний талаар Ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд танилцуулсан. Тэр дүгнэлтийг сонсгосон болоод, нөгөөдүүл нь сонссон болоод л өнгөрчихөж байгаа юм уу?

-Мэдээллийг сонссон. Мэдээл­лийн сонссон УИХ-ын гишүүд дор бүрнээ яах ёстойгоо бодсон байх. Асуудлыг хариуцсан албан тушаалтнууд нь дүгнэлтийн юу нь зөв, юу нь буруу байна гэдэгт дүгнэлтээ хийсэн байх. Засгийн газрын үүрэг хүлээсэн гишүүд өөрсдөдөө дүг­нэлт хийх ёстой. Харамсалтай нь, асуудлыг дүгнэж, шүүмжлэхэд өөрс­дийгөө хамгаалах, цаг нөгцөөх, арга­лах байдлаар л хандаж байгаа. Гэтэл шүүмжилж байгаа зүйлүүд нь бодитой бол яаж засч сайжруулах вэ гэдэгт сөрөг хүчний дууг сонсч ажиллах ёстой. Харамсалтай нь, тийм байж чадахгүй байна.

-Танай нам тэгвэл сөрөг хүчин байж чадаж байгаа юу?

-Сөрөг хүчин гэхээр л бүх зүйлийг зогсоох, гацаах, юм бүхнийг харлуулах, болж бүтэхгүй болгоныг нь ярих тухай биш. Өнөөдөр бид асуудалд ажил хэрэгчээр хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, асуудлыг яаж сайн болгох, Монгол Улсын эрх ашиг, ард олонд нийцтэйгээр шийдэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Жишээ нь, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэхэд хөрөнгө оруулалтыг тогтвортой болгохын тулд мөнгө хөрөнгөө оруулж байгаа улсад итгэлтэй, ирээдүйд айх зүйлгүй байх боломжийг нь бүрдүүлэх ёстойг хэлж байна. Гол нь баталгаа гаргаж өгөх ёстой. Хуульд байгаа дөрвөн төрлийн татвараас бусад татвар гарч ирсэн тохиолдолд яах вэ гэдгийг нь тодорхой болгох ёстой. Тогтворжуулалтын гэрчилгээ авсан хөрөнгө оруулагчид шинэ төрлийн татвар гарч ирсэн тохиолдолд үйлч­лэхгүй байх нь зөв гэх заалтыг Засгийн газраас оруулж ирсэн байс­ныг нь МАН-ын бүлэг дэмжиж байсан. Харамсалтай нь, Ардчилсан намынхан энэ заалтыг хэрэггүй гээд аваад хаячихлаа. Гэнэтхэн өнөө 68 хувийн татвар шиг ямар нэг татвар бий болбол яах бол гэсэн айдас болгоомжлолыг үлдээчихлээ. Дөрвөн төрлийн татвар тогтворжиж байгаа ч гэсэн шинэ татвар бий болгоод нэг гараараа аврах гээд, нөгөө гараараа алчих вий гэсэн эргэлзээг хөрөнгө оруулагчдад үлдээчихэж байгаа юм. Уг нь нэгэнт л итгэл үзүүлэх юм бол үзүүлсэн шиг үзүүлэх хэрэгтэй. Үүнд МАН-ын бүлгийн байр суурь хатуу байсан ч олонх өөрийнхөөрөө л асуудлыг шийдчихэж байна. Сөрөг хүчин бид Хөрөнгө оруу­лал­тын хуулийг батлахгүй гэж хойш суугаагүй, баталъя, хөрөнгө оруу­лагч­дад илүү итгэл төрүүлэх, сайж­руулах хэрэгтэй гэж асуудалд хандаж байна. Огцруулъя, зогсооё гэж асуу­далд хандахгүй байгаа нь сөрөг хүчин шиг байж чадахгүй байна гэж ярихад хүргэж байх шиг байна.

-Энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр хэдэн том хөрөнгө оруулагч­дынхаа нөхцөлийг нь сайжруулах нь гэж шүүмжилж байсан. Үнэхээр төслийг нь уншвал томууд нааш, жижгүүд цаашаа түр байж байг гэсэн санааг агуулаад байна гэж хардах өнцөг байсан?

 -Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл анх үнэхээр тийм байсан. 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан аж ахуй нэг­жүүдэд дөрвөн төрлийн татварыг тогтворжуулах, татварын тогтвортой орчин бий болгох, тогтворжуулалтын гэрчилгээ олгож баталгаажуулах заалттай байсан. УИХ дээр энэ төс­лийн хэлэлцүүлгийг ярьсаар байж, гадаад дотоод гэж ялгахгүй байх, бүс нутгаар ялгавартай байх зэрэг боломжуудыг оруулж ирсэн. Улаан­баатар хотод хөрөнгө оруулалт хийвэл татварын тогтвортой орчин нь богино, хөрөнгө оруулалтын хэмжээ нь өндөр бол бүс нутаг алслагдах тусам тогтвортой орчин уртсаж, хөрөнгө оруулалтын босго буурна гэсэн үг. Ингэж сул хөгжилтэй бүсүүдэд хөрөнгө оруулалтыг татах бодлого, хөрөнгө оруулагчдыг илүү урамшуулах бодлогыг хийж өгсөн. Мөн Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий салбар заавал байх ёстой гэдгийг хуульд авч үлдсэн. Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадынхан 33 хувиас дээш хөрөнгө оруулалт хийвэл өмнөх хуулийн амин сүнс болох Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах заалт үлдсэн. Энэ нь банк санхүү, уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэх стратегийн салбар гэсэн үг. Ийм байдлаар зарчмын томоохон өөрчлөлтүүдийг хийснээр Засгийн газрын өргөн барьсан шүүмжлэгдэж байсан төслийг засч өөрчилсөн.

-Танай намаас шүүмжлэл гарч байгаа шиг, нам руу чинь хандсан шүүмжлэл ч гарч байгаа. Тухайлбал, танай намаас сонгогдсон Увсын хоёр гишүүнийг эргүүлэн татах асуудал хөндөгдөж байна. Энэ талаар ямар мэдээлэлтэй байна?

-Энэ талаар ямар ч мэдээлэл алга. Би Улсын Дээд шүүхээс МАН-аас нэр дэвшин сонгогдсон хүмүүс хууль зөрчөөгүй юм гэх шийдвэр гарсан гэж сонссон.

-Сонгуулийн Ерөнхий хороо асуудлыг шийдэхээр болсон юм биш үү?

-Шүүхээс аливаа хүний гэм буруу­тай нь тогтоогдоогүй байхад Сон­гуулийн ерөнхий хороо шийднэ гэвэл утгагүй зүйл болно л доо. Нэгэнт ард түмний саналаар сонгогдоод, ард түмэн сонгоод гаргаад ирсэн байхад бид ёсчлоод л явах ёстой. Хуулийн байгууллага, шүүхийн байгууллагаар сонгуулийн дүнг засдаг юм байж болохгүй л дээ.

-Танай намын асуудал юу болж байна. Удахгүй их хурал чинь боллоо. Хурлын өмнөх чимээ шуугиан хэр байна?

-Намын асуудал гэхээр л хэн дарга нь болох бол, хэн нь удирдлагад гарч ирэх бол гэж хүмүүс их сонирхож байгаа. Тэгвэл манай нам энэ их хурлаараа намын бүтэц, дүрэмдээ өөрчлөлт оруулах, хичээн эрмэлзэх мөрийн хөтөлбөрөө сайжруулахаас гадна өөр том асуудлыг ярилцах гэж байгаа. Бид хурлаараа Монгол Улсын хөгжлийн бодлогын асуудлыг ярилцана. МАН маань анхдугаар их хурлаа хийсэн 1921 оноос эхлээд Монгол Улсын хөгжлийн бодлогоо намынхаа анхаарлын төвд тавьсаар ирсэн. Энэ уламжлалаа цөөнх болсон үедээ ч орхилгүйгээр хэлэлцэнэ. Бид Монгол Улсын ирээдүйд санаа зовж байна. Иргэд маань гэрэл гэгээтэй сайхан амьдрах ёстой. Үүний тулд бид юу хийх ёстой гэдгээ ярилцана. Хөгжлийн бодлогоо намын их хурлаар хэлэлцэн баталж, дараа нь УИХ-д оруулан хэлэлцүүлэн батлуулж, цаашид Монгол Улсыг урт дунд хугацаанд харилцан уялдаатай, тогтвортой, тодорхой хөгжүүлэх бодлогыг гаргаж ирэх юм.

-Намын дүрмийн өөрчлөлтийг хийх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа гэсэн. Гол өөрчлөлт нь юу юм бэ. Юу нь болохгүй болоод, яаж өөрчлөх гээд байгаа юм?

-Намын дүрэмд тодорхой асуу­дал, анхаарах зүйл гэж бий. Манай нам сүүлийн хэдэн жил дан­гаар юм уу, хамтраад Засгийн газрыг барьж ирсэн. Засаг барьж буй намын тоглоомын дүрэм нэг өөр байдаг, сөрөг хүчин байх үед цөөнхийн тоглоомын дүрэм өөр байх ёстой гэдэг үүднээс цаг үетэйгээ нийцүүлэн тодорхой өөрчлөлтүүд оруулахаар ажиллаж байгаа.

-Энэ сарын 27-нд болох их хурлаар намын дарга солигдож, сонгогдох нь тодорхой л байх. Хэн гэдэг хүн байх бол гэх асуултад та нар одоохондоо хариулахгүй л байх, тэгвэл ямар хүн намын дарга байх ёстой юм бол?

-2016 оны сонгуульд намаа удир­даад, ялуулах, сэтгэлийн тэнхээтэй, мэдлэг боловсрол, чадвартай, зохион байгуулах, удирдан манлайлах чад­вар­­тай, нийгэмд хүлээн зөв­шөөрөг­дсөн хүн байх ёстой.

-Ийм чадвартай хүн гэвэл хэнийг төсөөлөх үү?

-Яах вэ, нэр ус яригдаж л байна. Гэхдээ энэ нь зөвхөн хэвлэл мэдээллийн хэмжээнд яригдаж бай­гаа зүйл. Энэ их хуралд оролцох 1100 төлөөлөгчийн шийдэх хэрэг. Тэд хариуцлагатайгаар шийдвэрээ гаргаж 2016 онд ялалтад хүргэх багийг гаргах байх. Төлөөлөгчид хэн нэгний бодлогоор, хэн нэгний дохио зангаагаар хөдлөхгүй байх.

-Генсекийн хувьд?

-Генсекийн хувьд мөн л турш­лагатай хүн байх ёстой. Намын гал тогоог авч явах хүн, амьдралын туршлагатай, чадвартай, ачааг үүрсэн хүн байх ёстой. Эцсийн дүнд намын их хурлын төлөөлөгчид л шийднэ шүү дээ.

 -Намын их хурлын төлөө­лөгчдийг яаж сонгож оруулах вэ?

-Аравдугаар сарын 1-нээс 7-ны хооронд анхан шатны байгууллага үүрийн хурлууд болно. Тухайн хур­луудаар төлөөлөгчид сонгогдоно. Анхан шатных нь үүрээс нэр дэв­шүүлж, тодорхой шалгуур шаард­лагыг хангасан хүн нэр дэвшиж, нууц санал хураалтаар сонгогдоно.

-Танай намын дараалсан ялагд­­лууд юунаас болсон юм бэ, удирд­лагын буруу бодлого уу? -Хаана хаанаа л байгаа байх даа.

-Өнөө жигүүр, шинэч­лэлийн­хэн юу болсон бэ, яагаад нам гүм болчхов?

 -Жигүүрийнхэн маань хаана юу хийж явааг бүү мэд. Намаа шинэчлэх гэсэн шинэчлэлийн хороо, намынхаа төлөө сэтгэл санаагаа зовоосон олон хүн л ажиллаж байна. Бид тал талаасаа ярьцгааж байгаад нэгдсэн шийдэлд хүрч намаа шинэчлээд цаашаа явна. Манай намыг бужиг­наад, тарж бутарна гэж харж байгаа хүмүүс байвал, горьдсоны гарз л гэж хэлнэ дээ.

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №032
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж