“Хоёр загал” нэрийн есөн илчит тэрэг үйлчилгээнд явж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

“Хоёр загал” нэрийн есөн илчит тэрэг үйлчилгээнд явж байна

Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн гэж нэлээн тодотгосон “Хоёр загал” нэртэй илчит тэргийг нийслэл хотноо өнгөрөгч зургадугаар сард хүлээн авсан. Галт тэргийг бүрэн бүтнээр нь худалдаж авч байснаас монголчууд өөрсдөө угсарч үзэх оролдлогын түүчээ болгож, илчит тэргүүдийг ийнхүү угсарч, зунаас үйлчилгээнд гаргасан.  Илчит тэргүүдийг хийхдээ ОХУ-ын галт тэргэнд АНУ-ын “Женерал электрик” компанийн моторыг монгол инженерүүд суурилуулан, угсарсан юм.

Зам, тээврийн салбарт нэгэн дэвшлийг авчирсан гэх уг илчит тэргүүдийг 2003 оноос хойш  “Улаанбаатар төмөр зам”- нийгэмлэгт хэрэгжүүлж буй "Монгол модернизаци"төслийн хүрээнд угсарч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 10 илчит тэргийг бүтээж, ашиглалтанд оруулсан.

Одоогийн байдлаар “Хоёр загал” нэрийн 10 ширхэг илчит тэргээс ес нь ачааны болон зорчигч тээврийн зориулалтаар Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялж байгаа талаар “Улаанбаатар зүтгүүрийн депо”-гийн дарга Н.Хуяг-эрдэнэхэллээ. Нэг илт тэргэнд нь одоогоор төлөвлөгөөт засвар хийж байгаа ажээ. Үүнээс харахад Улаанбаатар хотыг ихээр дайрч өнгөрдөг чиглэлтэй бөгөөд “Улаанбаатар зүтгүүрийн депо”-д бүхий л техникийн үзлэг, засвар, үйлчилгээг хийдэг юм байна. 

Эдгээр илчит тэргүүд өндөр хүчин чадалтай, орчин үеийн технологиуд шингэсэн бөгөөд түлшний банкны багтаамж 75 хувиар нэмэгдсэн, татах хүчийг сайжруулсан, компьютер удирдлагын системтэй, камераар тоноглогдсон, түлшний зарцуулалтыг кабинаас хянах боломжтой, электрон, механик хосолсон хурд хэмжигчтэй юм. Мөн 1500 цаг найдвартай ажиллах LED гэрэлтүүлэгтэй, зүтгүүрийн бригадын ажиллах нөхцлийг сайтар хангасан, бүхээгийн битүүжлэл сайн, дуу чимээ тусгаарлагчтай, халуун, хүйтэн байдалд ажиллах төхөөрөмжтэй тухай илчит тэргийг угсарсан мэргэжилтэн нь хэлсэн. Монголчуудын угсарсан уг зүтгүүрүүд гадаадад үйлдвэрлэсэнтэй ижил хүчин чадалтай гэгдэх бөгөөд угсралтаар хийсэн нь өртөг зардлыг хэмнэж буй. “Хоёр загал” илчит тэрэг  нэг бүрийн үнэ гурван сая ам.доллар юм. Энэ нь ижил хүчин чадалтай шинэ илчит тэрэг худалдаж авах үнээс нэг сая ам.доллараар хямд ажээ.

“Хоёр загал” илчит тэргийг зун хүлээж авч, аялалд гаргах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эзэн Чингис хааныхаа хоёр загалын нэрээр нэрлэсэн зүтгүүр түлш бага хэрэглэнэ, гэхдээ тамир тэнхээ сайтай зүтгүүр. Монгол морь хэдий бие жижигтэй ч холын зайд явдаг, эрч хүч сайтай адуу шүү дээ. Тиймээс ийм шийдлийг нэлээд сайн цогцлуулж хийж чадсан болов уу гэж бодож байна.  Хоёр загалаа унаад бүтээн байгуулалтдаа урагшаа” гэж хэлж байсан юм.  Ямартай ч монголчуудын угсарсан илчит тэрэг үйлчилгээндээ хэвийн явж байна.

Илчит тэргийн их бие, эд ангийг худалдан авч, дотоодын хүч бололцоогоо ашиглан угсарсч өртөг зардлыг хэмнэснээр монголчууд заавал том машин, механизм, тоног төхөөрөмжийг гаднаас импортоор  бүрэн авалгүйгээр, угсралт, үйлдвэрлэлийн их ажлын эхлэл тависан нь энэ ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж