Саркозийн хэргийг хаахыг прокурор зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Саркозийн хэргийг хаахыг прокурор зөвшөөрөв

Францын
прокуратура тус орны ерөнхийлөгч асан Николя Саркозийн сонгуулийн
сурталчилгааны мөнгийг хууль бусаар босгосон гэх хэргийг хаасан шүүхийн
шийдэртэй даван заалдалгүй үлдээсэнн тухай Euronews дамжуулжээ.
 

Николя Саркози
Фото: Benoit Tessier / Reuters

Төрийн
тэргүүн асаныг 2007 оны сонгуулийн кампанийн хэрэгцээнд L’Oreal
компанийн хөгшин эзэн Лилиан Бетанкураас 150 мянган еврог бэлнээр авсан
хэрэгт сэжиглэн хэрэг үүсгэсэн байлаа. Францын хуулиар 4600 евроноос
илүү мөнгийг хандивт авч болохгүй.

Мөрдөн байцаагчид 2006 оноос хойш
зөнөг өвчинд баригдсан гэж тооцогдож ирсэн Бетанкурын сул талыг Саркози
ашигласан гэж үзэж байлаа. Прокурор есдүгээр сард тэр шалтгааныг нь
баталгаагүй гэж үзсэн байв. Саркози өөрөө Бетанкуртай уулзаж байснаа
үгүйсгээгүй харин мөнгө авсан гэдгээ эрс үгүйсгэж байлаа.

Сонгуулийн
кампанийг хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт Саркозийн Засгийн газрын
Төсвийн сайд асан Эрик Верт нарын арваад хүнийг сэжиглэн мөрдөн байцааж
байгаа. Тэд энэ хэргийн шүүх хуралд оролцох  ёстой юм.

Францын
ажиглагч нарын үзсэнээр Саркозийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь
түүнийг 2017 онд дахин ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг өгч байна
хэмээн үзэв. Францын барууныхны дунд түүний нэр хүнд өндөр хэвээр
байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж