Хүүхдийн найрал дууны наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Хүүхдийн найрал дууны наадам болно

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.

Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм. Энэ жил “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой”-д зориулан 21 дэх жилдээ “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг зохион байгуулна.

Наадамд 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд, Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачуудын найрал дууны хамтлагууд оролцоно.

2013 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд дүүргийн хэмжээнд анхан шатны шалгаруулалт болох бөгөөд дүүрэг бүрээс 3 шилдэг хамтлаг шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцох юм.

Төгсгөлийн шатны шалгаруулалт 10-р сарын 23-ны өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д болж, шалгарсан шилдэг хамтлагууд  Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө.

Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р эзэлсэн хамтлагийг  2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж