БНАСАУ цөмийн тогоогоо ажлуулж эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

БНАСАУ цөмийн тогоогоо ажлуулж эхлүүлжээ

Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг БНАСАУ Йонбён дахь цөмийн тогоогоо ажлуулж эхэлсэн болохыг мэдэгджээ. Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газраас мэдээлснээр Хойд Солонгосын Курёнг голын ойролцоо байрлах таван мегаваттын хүчин чадалтай цөмийн тогооноос уур савсаж буй нь хиймэл дагуулаас авсан зургаас тод харагдаж байгаа гэнэ.

Үүнээс өмнө Хойд Солонгос өнгөрсөн тавдугаар сард Йонбён дахь цөмийн цогцолборын үйл ажиллагааг сэргээх тухай мэдэгдэж байсан билээ. Хойд Солонгос нь 2007 онд гадаад орнуудаас хүнсний тусламж авахын тулд Йонбёнд байрлах цөмийн реактороо хаах нөхцөлтэй гэрээ байгуулснаар үйл ажиллагааг нь зогсоож байсан юм. Түүнчлэн дээрх гэрээний дагуу 2008 онд Йонбёны цөмийн реакторын хөргүүрийн байгууламжийг дэлбэлж устгасан аж.

АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд энэ долоо хоногт Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилтыг эхлүүлснээр Умардын зүгээс холбоотнуудын эсрэг сүрдүүлэг, заналхийлэл дахин ирэх болсон байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж