Тиймээс ядаж л хотын төвийнхөө гудамж талбайд борооны ус зайлуулагчтай болмоор байна. Бороо орохоор л ус зайлуулагчийн тухай дээр дооргүй санадаг, больчихоор таг мартчихдаг байж боломгүй байх аа. Хот тохижилтынхан хааяадаа борооны ус соруулж авдаг ч бороо орох болгонд ус соруулах тэр их техник, хүн хүч, эдийн засгийн хүчин чадал нь хаана байна. Их л сайндаа нийслэлийн төв талбай, Энхтайваны өргөн чөлөө, их, бага тойруугийн усыг л соруулдаг өнгөрдөг болохоос нийслэлийн бүх замын усыг бүгдийг нь соруулаад авчихаж чадахгүй. Тиймээс бороо орох болгонд ус соруулахынхаа оронд зардал мөнгийг нь олигтойхон төсөвлөөд шинээр тавьж байгаа замуудад заавал ус зайлуулагч тавих хэрэгтэй байна.
Нийслэлийнхээ гудамж талбайгаар явган явах нь цөөн дарга нар бороотой өдрийн зовлонг мэдрэхгүй байгаа болохоос явган нь бүү хэл машинтай нь хүртэл борооны уснаас болоод хараал урсгадаг болчихоод байгаа шүү дээ. Энхэл донхол зам дээр тогтсон борооны уснаас болоод машиныхаа эд ангийг гэмтээх нь энүүхэнд болохоор тэр байх. Борооны ус өнөөдрийн хувьд явганых нь гутлын, унаатайнх нь машины дайсан болчихоод байгаа нь худлаа биш. Гутал, машин ч гэлтгүй тавьсан замын насжилтын гол дайсан нь ус гэдгийг замчид сайн мэддэг. Гэтэл яагаад ус зайлуулагчгүй зам тавиад байгаа шалтгаан нь юу байна.
Нийслэлийн гудамж талбайг шинэчлэх зорилгоор бондын хөрөнгөөс санхүүжүүлж байгаа “Гудамж” төслийн хүрээнд 33 замыг 200 тэрбум төгрөгөөр өргөтгөн шинэчилсэн. Үүний үр дүнд зарим нэг замуудын ачаалал 10-30 хувиар буурсан гэдгийг Замын цагдаагийнхан хүртэл магтдаг. Бүтэн цаг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихдаг “Саппоро”, “Тасганы овоо”-ны уулзварууд ямар ч байсан ачаалал нь тодорхой хэмжээгээр буурсан байна лээ. Замын ачаалал буурсан нь сайн хэрэг. Гэхдээ шинээр тавьсан замууд нь ганц өдрийн бороонд усан далай болчихсон байгаагаас харахад зам тавьж байгаа нь, хөрөнгө мөнгөө төсөвлөж тавиулж байгаа нь,, ашиглалтад авах үүрэгтэй албаны хүмүүс аль аль нь яагаад тавьж байгаа замд борооны ус зайлуулагч заавал байх ёстой гэдгээ мэддэггүй юм бэ. Өч төчнөөн хүч хөдөлмөр, хөрөнгө зарсан зам нь ганцхан жилийн настай гэхээр харамсалтай биш гэж үү.
Ирэх хавраас энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол бороо орох бүрийд усанд авчихдаг Улаанбаатарын гудамжаар алхах улаанбаатарчуудынх нь гутал тэсэхгүй нь ээ.