Спортлог байх сан... | News.MN

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Ажлын хамт олонтойгоо зааланд тоглож, хөлсөө гаргах гэж тав хоног гүйгээд барсангүй. Заал гэдэг ер нь ховрын бараа болчихож. Аль эртнээс бодож, төлөвлөж, гэрээ байгуулж байж долоо хоногтоо ганц удаа оройн цагаар аль нэг сургуулийн зааланд түр ч атугай спортоор амьсгалах боломжтой гэнэ. Түүнээс биш “За өнөөдөр орой жаахан гүйж, тоглож, хөлсөө гаргаж, ажлынхаа стрессээс салъя” гээд заал олно гэвэл бүтэшгүй санаа болж. Мэддэг, сонссон сургуулиудынхаа жижүүр, биеийн тамирын багшийн утсыг лавлаж, цагийн турш утас цохиод ч амжилт олсонгүй.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд /харамсалтай нь бүгд бас биш/, зарим нэг их, дээд сургууль, яам, тамгын газар, цөөн хэдэн байгууллагын нэр дээр спорт заал бий. Мэдээж нийслэлчүүдийн хэрэгцээнд тэдгээр нь хангалтгүй. Дунд сургуулийн сурагчид нь намар, хавартаа сургуулийн гадаах цементэн талбайд биеийн тамирын хичээлдээ орж, дээд сургуулийн оюутнуудын сургалтынх нь хөтөлбөрт биеийн тамир гэсэн ухагдахуун ч байхгүй байна. Хүн амын эрүүл мэндийн суурь болсон нийтийн биеийн тамирын асуудал энэ мэт орхигдсон байхад бид илүүдэл жин, зүрх, судасны өвчний талаар яриад ч хэрэггүй. Заал, талбай битгий хэл өглөө гараад гүйчих газаргүй, зам дагаад гүйе гэсэн ч утаа униар гэж тартагтаа тулсан болохоор өглөөний дасгал нь эсрэгээр үхлийн шалтгаан ч болж магадгүй болчихож.

Орчин цагийн залуус PC тоглоом, цахим хүрээлэл дунд хүмүүжиж, тамхиар хооллож, архиар угжиж байгааг буруутгах шалтаг үгүй мэт санагдав. Хувь хүний ухамсрын асуудал энд яригдах ёстой ч бие хүн болж төлөвших учиртай нийгмийн өнөөгийн байдал ийм л байна…

С.ЦЭЛМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uka 2013-10-09 60.30.240.243

Manai ulsad tsetserlegt xureelen ,guix ,toglox ,alxax ,xuuxdiin togloomin talbai zam unexeer dutmag shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж