Нас бол цаасан дээр бичдэг тоо

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Нас бол цаасан дээр бичдэг тоо

Түүнийг Тамираа гэдэг. Америкт амьдардаг. Тамираа саяхан блог хөтөлж, бүсгүйчүүд бидний мөнхийн “асуудал” таргалалтаас хэрхэн салах тухай сонирхолтой зөвлөгөөнүүд өгч эхэлжээ. Түүний өөрийн блогтоо бичсэн “Би тарган байлаа” гэх бичлэгийг охид, бүсгүйчүүд шимтэн уншиж байна.

Тамираа тэнд өөрийнхөө хэрхэн турсан тухай бичжээ. Тэр 161 см өндөртэй. Хэсэг хугацааны өмнө түүний биеийн жин 70 кг байсан бол одоо 54 кг. Гэхдээ Тамираа 70 кг орчим жинтэй байхдаа хэзээ ч өөрийгөө тарган гэж боддоггүй байжээ. Магадгүй, бидний дунд ч гэсэн тэгж бодох хүмүүс цөөнгүй л байгаа. Тэр тусмаа Америкт бол Тамираагийн жинд “асуудал” байхгүй. Гэхдээ л охид бол охид шүү дээ. Бүгд л Тамираагийн бичсэнээр гоё биетэй, гоё ажилтай, гоё бүсгүй болохыг мөрөөддөг. Энэ мөрөөдлүүд төрөлхийн л бидний дотор байдаг юм шиг хэрнээ тэр мөрөөдөлдөө хүрэх замууд охид бүрт өөр өөрөөр ирдэг. Зарим нь гоё байхын тулд угаасаа, багаасаа хичээсэн байхад зарим бүсгүйчүүд гуч, дөч, тавин насандаа ч амьдралдаа шинэ алхам хийж, өөрчлөлтийг хүсдэг.

Тамираа гэхэд жилийн өмнөөс л жингээ хасч, багынхаа ГОЁ болох мөрөөдөлд очихоор “зам дээр” гарч зогсчээ. Нэг мэдэхэд, “хэнэггүй” явсан Тамирааг маань бусад охидод ирдэг “халдлага” дайрч, “Чи их тарган байна”, “Наад царайгаа хар л даа” гэх үгс хүмүүс чулуудан, сэтгэлзүйн хувьд асуудлууд тулгарч эхэлжээ.

Тийм ээ, тэгдэг. Яг ингэдэг. Амьдралын тэр олон эрчлээн дундуур туучиж яваа бүсгүй хүн бүрийг илүүдэл жин, таргалалт, өөхлөлт гэх мэтийн физиологийн асуудал, дээр нь дайрсан ч дайраагүй юм шиг, туулсан ч туулаагүй юм шиг амьдрах гэдэг жаргал, зовлонгийн бартаа саад адилхан л элээж байдаг. Бид нар бүгдээрээ л бэлхүүсээ гайхуулж, богино даашинз өмсч, харчуулын өмнө хамаг сайхнаараа харагдахыг хүсдэггүй гэж үү. Өөртөө сэтгэл хангалуун байхыг боддоггүй гэж үү.

Тийм ээ, тэгэхийн тулд бүгдээрээ өнөөдрөөс, магадгүй маргаашнаас өөртөө зорилго тавиад, бие биедээ амлалт өгцгөөе. Нэг нэгэндээ туслая, охид оо.

Тамираа гэхэд л эхлээд фитнесст долоо хоногт хоёр удаа явдаг болжээ. Эхлээд юу хийхээ мэдэхгүй будилдаг, заримдаа бараг зүгээр сууж байгаад харьдаг байсан ч хоёр сарын дараа бие нь хөнгөрч, ямар нэгэн өөрчлөлт орж байгаа нь мэдрэгджээ. Байнга лифтээр явдаг байсан хүн чинь алхмаар санагдаад, паркт салхилахаараа байнга сандал дээр суудаг байснаа алхмаар болоод л…

Маш энгийн. Тамираа тогтмол алхдаг болсон, аэробикээр хичээллэдэг болсон, фитнессээ таслалгүй явдаг болсон. Гурван сарын дараа тэр дандаа сайхан үгс сонсч эхэлсэн. “Тамираа, чи турчихаа юу”, “Гоё болчихсон байна”…

Тэгэлгүй яах юм бэ, бүсгүйчүүд бид өөртөө зорилго тавьбал өрж тавьсан бүх хүслээ биелүүлж чаддаг гайхалтай хүмүүс шүү дээ. Тамираагийн зөвлөснөөр дасгалаа сайн хийж, өөртөө цаг гаргаж, биеэ эрүүл саруул болгон, тайван, ухаалаг, таныг улам ГОЁ болгох идэвхитэй амьдралд хөл тавиарай. Яг өнөөдрөөс… Яг Тамираа шиг…

Уруулаа буд бүсгүй минь
Унжуу дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв…

Б.ИРМҮҮН

Тамираагийн блог: tamiraahan.wordpress.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж