Мөнгөний хатуу бодлого баримтлах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Мөнгөний хатуу бодлого баримтлах хэрэгтэй гэв

Азийн хөгжлийн банкны Монгол дах Суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр дэлхийн болон Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Ингэхдээ эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын байдлын тухай мэдээлэл өгч, тогтвортой хөгжилд хүрэх зөвлөмжийг дуулгасан.

БНХАУ, Энэтхэгийн эдийн засийн нөхцөл байдал төсөөлж байснаас сул байгаа бөгөөд АНУ-ын эдийн засгийн өсөлтийг дэмжих зөөлөн бодлого хэрхэх бол гэсэн эргэлзээ сүүлийн үед газар авч байгааг Суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Ян Хансэн хэлсэн юм. Энэ нь шинээр хөгжиж буй орнууд, тэр дундаа Монголын санхүүгийн зах зээл тогтворгүй болоход нөлөөлжээ. Тодруулбал, АНУ-ын Холбооны сангийн үйл ажиллагаа хумигдаж, хөрөнгө оруулалт Энэтхэг, Индионез, Монгол зэрэг шинээр хөгжиж буй орнуудын зах зээлээс татарч байгаа юм. Мөн бидний хүчирхэг хөрш БНХАУ экспорт, хөрөнгө оруулалтдаа тулгуурласан өсөлтөөс илүү тогтвортой хөгжлийн зам руу шилжих дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн эдийн засгийн өсөлтөө сааруулж, энэ жил 7.6 хувьтай байх төлөв ажиглагджээ. Энэ нь Монголд нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурсан гэж эдийн засагчид ярьдаг бол Азийн хөгжлийн банкнаас энэ оны байдлаар жилийн өмнөхтэй харьцуулахад 35 хувиар буурсан тухай хэллээ. Мөн нийт экспортын хэмжээ 10 хувиар, түүн дунд нүүрсний экспорт 50 хувиар  буурсан юм.

2011 онд 17 гаруй хувьд хүрсэн  эдийн засгийн өсөлт одоогийн байдлаар 11 гаруй  хувьтай байна. Жилийн сүүлийн хагаст 12 хувьд хүрэх таамаглалыг ийнхүү мэргэжилтнүүд дэвшүүлээд, энэ нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад хоёр оронтой тоогоор илэхийлэгдэж байгаа учраас төдийлөн уналтад орчихоогүй гэдгийг тайлбарласан. Мөнгөний нийлүүлэлт энэ оны хоёрдугаар улирлалд 14 хувиар өссөн нь эдийн засагт шаардлагатай арга хэмжээ байсан тухай Азийн хөгжлийн банкныхан хэлээд, одоогоор инфляци өсч, төгрөг суларч байгаа учраас цаашдаа тэлэх бодлогыг түр азнах хэрэгтэйг энэ үеэр зөвлөв. Өөрөөр хэлбэл, одоо баримталж буй эдийн засгийн тэлэх бодлогоос илүү цаашдаа мөнгөний хатуу бодлого баримтлах хэрэгтэй гэсэн юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж