Ус хэмнэх дэвшилтэт технологи нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Ус хэмнэх дэвшилтэт технологи нэвтрүүлжээ

Говийн бүсэд гэлтгүй амьд бүхний чандмань эрдэнэ болсон усыг ариг гамтай, зөв зохистой ашиглаж, усны хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх нь өнөө цаг үеийн нэн чухал асуудал болсон. Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаа Худаг уурхайн цогцолборт дээрхи чиглэлд шинэ шат ахиулсан дэвшилтэт технологи бүхий үйлдвэр ашиглалтад орсон байна. Энержи Ресурс компанийн Монголдоо анхдагч Нүүрс баяжуулах үйлдвэр нь говийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, усыг 95% хүртэл дахин ашиглах технологитойгоор хийгджээ. Харин түүнийг түшиглэн шинээр баригдсан Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр нь Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдлаас өндөр технологиор усыг шавхаж, үйлдвэрт дахин ашиглах усны хэмжээг илүү ихээр нэмэгдүүлж байгаа онцлогтой юм. Түүгээр ч зогсохгүй усыг нь шавхсан хаягдлыг дахин боловсруулалтанд оруулж, утаагүй түлшний түүхий эд гарган авах боломжтой юм байна. Ийнхүү уул уурхайн боловсруулалтын явцад усны хэрэглээг үе шат бүхэнд хэмнэж, усны дахин ашиглалтын хэмжээг дээд зэргээр нэмэгдүүлж байгаа нь байгаль экологи, нийгэм, технологийн талаас өндөр үр дүнтэй алхам гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Энержи Ресурс компанийн Үйлдвэрлэлийн дэд бүтэц
хариуцсан захирал Т.Ганболд:

– Шинээр баригдсан Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр нь яг энэ чиглэлдээ Монголын хамгийн анхны, хамгийн том үйлдвэр гэдгийг хэлмээр байна. Өмнө нь бид Нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлыг 5 орчим км зөөвөрлөөд, хиймэл нууранд оруулж, усыг нь тунгааж авах замаар үйлдвэртээ усыг дахин ашигладаг байсан. Харин энэ шинэ үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн хаягдлыг маш богино хугацаанд усгүй болгоод, буцаагаад Нүүрс баяжуулах үйлдвэрийн хэрэгцээний усыг нөхөж байна. Хамгийн энгийнээр хэлэхэд, хаягдлаас буцаан гаргаж авч байгаа усны хэмжээ өмнөхөөс дор хаяж 2-3 дахин нэмэгдэж байна. 10 литр хаягдал үйлдвэрээс гарлаа гэхэд түүнээс 7-8 литр ус шавхаж гаргаад, эргээд үйлдвэртээ ашиглаж байна гэж ойлгож болно. Хүчин чадлын хувьд гэвэл хоногт дээд тал нь 3,300 – 4,000 тонн хаягдлыг усгүйжүүлэх чадалтай. Үйлдвэрлэлийн хувьд бүх үйл явц нь автомат удирдлагатай үйлдвэр юм. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг усгүйжүүлэх чиглэлд 150 гаруй жилийн туршлагатай, Австрийн Андриц компанийн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Дээрээс нь үйлдвэрийн барилгын гүйцэтгэл, зураг төсөл зэрэг бүхий л ажлыг манай монголчууд бие даан гүйцэтгэсэн онцлогтой юм. Зардлын хувьд нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон.

Усны үндэсний хорооны ажлын албаны дарга П.Бадамдорж:

– Үнэхээр гайхалтай үйлдвэр болжээ гэж баярлаж, бахархахаас өөр аргагүй байна. 2 жилийн өмнө бид Усны тухай хуулийг шинэчилсэн. Ингэхдээ нэн ялангуяа говийн бүсийн гүний усыг эргүүлэн ашиглаж, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар усыг арвитай, хаягдалгүй ашиглах технологийг бүр бодлогоороо дэмжиж өгч байсан юм. Энэ бодлого өнөөдөр бодит амьдрал дээр ажил болж хэрэгжсэнийг хараад үнэхээр баяртай байна.

Хоёрдугаарт, энэ бол уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдэд зайлшүй нэвтрүүлэх шаардлагатай жишиг технологи мөн байна. Яах аргагүй бүрэн компьютержсэн, автоматжсан, хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглажээ. Мэргэжлийн хүний нүдээр харахад шүүлтүүрүүдийн цэвэршилтийн түвшин маш өндөр байна. Ердөө жил гаруйхны өмнө Энержи Ресурс компани Нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж байсныг санаж байна. Гэтэл одоо үйлдвэрээс гарсан хаягдлаа дахиж усгүйжүүлээд, үйлдвэрийн хаягдлыг түүхий эд болгон ашиглаж байна. Улс орны хэмжээнд зайлшгүй үлгэр жишээ болгохуйц сайн ажил болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж