Дэлхийн боксын академи нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн боксын академи нээлтээ хийнэ

Олон улсын Сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос Дэлхийн боксын академийг нээхэд бэлэн болсон талаар зарлалаа.

Казахстаны Алматы хотын Талгар орчимд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд барьж байгуулсан академийн барилгын ажил дуусчээ. Дэлхийн боксын академийн нээлтийн ёслол Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу аравдугаар сарын 24-нд болох гэнэ.

Далайн төвшнөөс дээш 2000 метрийн өндөрлөг газарт, байгалийн үзэсгэлэнт хөндийд байгуулсан Дэлхийн боксын академийн барилгын ажил 2011 оны сүүлчээр эхэлж, ийнхүү бэлэн болсон бөгөөд 2014 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллах гэнэ. Энэ төвд Казахстаны төдийгүй олон улсын тамирчид цугларалтад гарч, дасгал сургуулилт хийж, харилцан туршлага солилцох боломжтой. Эндээс ирээдүйн шинэ аваргууд төрнө гэдэгт итгэлтэй буйгаа AIBA-гийн удирдлагууд илэрхийлжээ.

Дэлхийн боксын академи нь AIBA-д гишүүнчлэлтэй орнуудын тамирчдад ялгаваргүйгээр нээлттэй ажиллана. Орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон, тогтсон хөтөлбөр, удирдамжийн дагуу ажиллах бөгөөд боксын экспертүүд, тамирчин, дасалжуулагч, эмч, шүүгч, менежер гээд бүгдийг хамруулах гэнэ. Зохион байгуулалт, бүтцгийн хувьд боксын 10 рингтэй, 25 метр гүнтэй усан сан, оффисийн барилга, 168 хүний багтаамжтай зочид буудал, 104 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай ресторан, кафе, цайны өрөө, хөлбөмбөгийн талбай, гүйлтийн зам, газар доорж гаражтай аж. Хамрах талбайн хэмжээ 20 мянган кв.метр гэнэ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж