Өнгөөр будагдсан Нобел

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Өнгөөр будагдсан Нобел

Нобел ийм зүйлийг мөрөөдөөгүй байх. Тэр зүгээр л алтаар үнэлэх нээлтүүдийг шагнаж, цаашид дэвших урмын ташуур өгөх гэж энэ шагналыг бий болгосон. Нэг ёсондоо өөрийнхөө хийсэн “нүгэл”-ийг цайруулах гэж энэ эрхэм шагналыг бий болгосон билээ. Гэхдээ энэ шагналыг улс төрийн ямар нэгэн өнгөөр будах сонирхол шагнал үүссэн тэр цаг үеэс хойш байсан. Одоо ч байгаа.


Путин уу

Тэр энхтайванч хүн мөн үү. ОХУ-ын бага ястнууд түүний эсрэг зогсоно. Гэхдээ чангаар хэлэх зориг байхгүй. Чеченд ямар яргалал хийж, 500 гаруй хүнийг ямар шалтгаанаар нөгөө ертөнц рүү илгээсэн бэ гэдэг тэр үнэн аль хэдийнэ Путинтэй цуг хөшигний ард үлдсэн. Мэдэх нэг нь ямар нэгэн шалтгаанаар улс төрийн хоригдол болон хувирсан. Анна Политковская ямар шалтгаанаар алагдсан бэ? Энэ асуулт аль хэдийнэ ул болж, түүний нэр мартагдаж эхэлж байгаа. 2001 оны есдүгээр сар. Энэ сар дэлхийн түүхэнд хар бараан өнгөөр будагдсан өдөр болж түүхэнд үлдсэн. Тэгвэл ОХУ-д 10 гаруй сэтгүүлч нэг өдөр амиа алдацгааж байлаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зүгээр л Путины таашаалд нийцээгүй учраас хаагдаж байлаа. Энэ бол гашуун үнэн. Дараа нь тэдэнд хоосон эмгэнэл илэрхийлж, тулхтай удирдагчийн дүрд тэр тоглосон. Одоо ч тоглосоор байгаа.

Сирийн асуудалд тэр хэний талд орсон бэ? Сирийн талд ч биш, АНУ-ын талд ч биш. Гагцхүү тэд өөрсдийнхөө талд л зогссон. Сирийн байгалийн хийн нөөцийг хямдхан шиг гартаа оруулахын тулд. Хэрвээ тэд гэрээ хийхээргүй байсан бол АНУ-тай нийлж цэргийн хүч оруулчихсан яваа. Энэ бол их гүрний хоорондын л асуудал байсан. Сирид дайн явуулаагүй байгаа нь аль хэдийнэ байгалийн хийн нийлүүлэлтийн талаар тохироо хийсэнтэй холбоотой.

Өнгөөр будагдсан шагналууд

1978 он. Анвар Садатад Нобелийн энхтайвны шагнал очлоо. Египет Израйль хоёрын хооронд өрнөөд байсан хурцадмал байдлыг багасгахад үүрэг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр энэ шагналыг олгожээ. Удалгүй юу болсон бэ? Садатын цэргүүд харгислал үйлдэж, бага насны хүүхдийг нууцаар цэрэгт элсүүлж байсан нь тодорхой байсан. Тухайн үед уг шагналыг Герман тэргүүтэй европийн том гүрнүүдийн ятгалгаар өгсөн гэж ярилцдаг. Учир нь хэлэлцээ хийх гэж ятгах болгонд Садат гөждөг байлаа. Нэг ёсондоо өөрсдийн гараар хөдөлгөж байхын тулд эрхэм Нобелийг түүнд өгсөн хэрэг.

1992 он. Гуатемалын угсаатны зүйн төлөө тэмцэгч Ригоберта Менчуд Нобелийг гардуулав. Тэрээр цуст мөргөлдөөнийг зогсоосон гэж үзэн энэ шагналыг гардуулжээ. Гэхдээ хожим нь өөрийн үзэл бодлын төлөө 50 гаруй хүний амийг хороосон болох нь тогтоогдсон. Гуатемалын засгийн газар түүнийг үндэстэнд хамгийн их хохирол учруулсан хүнээр тодруулсан. Одоо хүртэл тэр Нобелийн шагнал авсаныгаа нүдээ олсон хэрэг гэж үздэг. Тухайн үед АНУ-ын амбицаар энэ шагналыг өгсөн талаар одоо хүртэл домог мэт яригддаг.

2009 он. Барак Обама ерөнхийлөгч болоод жил ч болоогүй байхдаа энхтайвны шагнал гардав. Тэр юу хийж амжсан бэ, одоо юу хийж байгаа вэ? Гаргалгаа нь их эргэлзээтэй гарна. Тухайн үед гурван ч улсад дайн хийж, эзэмшлийн арлуудын талаар маргаан дэгдээж явсан энэ хүн энхтайванч болж хувирав. Шагнал гардсанаасаа хойш нэг өдрийн дараа Ливийн дотоод хэрэгт оролцож эхэлсэн. Яг гурван жилийн дараа тэр Сири рүү өдөөн турхирч эхэлсэн. Өнгөрсөн жил Европийн холбоо энхтайванч болж хувирсан. Тэд Европийн холбооны аюулгүй байдлыг сайн хамгаалж, энхтайван байдлыг сахиулсан гэж үзэн энэ шагналыг олгосон. Яг шагнал гардаж байх тэр мөчид бөмбөрцөгийн нөгөө хагаст эсэргүүцэгчид европийн тугийг улан дороо гишгэж, эмх замбараагүй байдал өрнөж байлаа.

Нээрээ юу…

АНУ Хенри Киссинжирт энхтайвны шагнал гардуулахын тулд байгалийн хийн гурван нөөцийг олборлох тараах үйл хэрэгт Шведийн засгийн газрыг оруулах нөхцөлтэйгөөр ярилцаж байлаа. Ал Горыг 2007 онд энхтайванч болгож, сонгуулийн үйл хэрэгт туслаж байлаа. Энэ бол бодит үйл явдал. Одоо Путиныг ярьж байна. Путин юу хийсэн бэ, төлөөсөнд нь юу өгөх вэ? Магадгүй цор ганц Шведэд биш, бүх европод үр дүнгээ өгч ч болох юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж