Сири рүү дахин шинжээчдийн баг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Сири рүү дахин шинжээчдийн баг илгээнэ

НҮБ-ын химийн зэвсгийг хориглох байгууллагын зэвсэг хураах багийнхан Сирийн химийн зэвсгийг устгах ажлыг эхлүүлээд долоо хонов. Энэ хугацаанд эвсэг хураах багийн шинжээчид Сирийн Засгийн газрын мэдлийн 20 агуулахад үзлэг шалгалт хийж, зэвсэг устгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Харин химийн зэвсгийг хориглох байгууллагаас Сири рүү дахин нэг шинжээчдийн баг илгээхээр бэлтгэж байгаа гэнэ. Шинээр очих баг нь химийн зэвсэг устгах ажиллагаанд нэмэлт зааварчилгаа өгч, хяналт тавьж ажиллах аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу ирэх арваннэгдүгээр сарын 1-ны дотор Сирид ажиллаж буй зэвсэг хураах багийнхан химийн зэвсгийн үйлдвэрлэлийн холих, дүүргэх багаж хэрэгслүүдийг устгах ёстой юм.

Үүний зэрэгцээ Сирийн Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 14-нд НҮБ-ын  химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдсэн үүргийнхээ дагуу зэвсэг хураах багийнхны цаашдын үйл ажиллагаанд том дэмжлэг болох нэмэлт мэдээллүүдийг гаргаж өгсөн байна. Харин АНУ-ын зүгээс Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагааны эхний үе шат амжилттай болж байгааг сайшаагаад ирэх арваннэгдүгээр сард Женев хотноо болох энхийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулаых нь дараагийн алхам хэмээн мэдэгджээ.

Дамаск хотын ойролцоо өнгөрсөн наймдугаар сард зарин хий бүхий халдлага гарч, олон зуун хүн амь үрэгдсэн хэргээс үүдэн Сирид цохилт өгөхөөр бэлтгэж байх хооронд ОХУ Башар аль-Ассадыг НҮБ-ын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдэхийг ятгаж чадсан билээ. Иймээс АНУ Сирид цохилт өгөх ажиллагааг цуцлаж, химийн зэвсгийг устгах ажиллагаа амжилттай дуусах эсэхийг ажиглаж байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж