Тогтмол хэвлэлийн үндэс 97 жилийн тэртээ тавигджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Тогтмол хэвлэлийн үндэс 97 жилийн тэртээ тавигджээ

Өнөөдөр Монгол Улсад тогтмол хэвлэл үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн өдөр. 1913 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн жил гаруйн хугацаанд 20 дугаар гаргасан “Шинэ толь хэмээх бичиг” сонин нь Монголын тогтмол хэвлэлийн үндэс суурь болсныг МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн багш, сэтгүүл зүй, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Ломбын Норовсүрэн тэмдэглэн бичсэн нь бий. Тэрбээр өөрийн бүтээлдээ  “Шинэ толь хэмээх бичиг сонин нь  үндэсний дэвшилтэт ардчилсан үзлийг номлож, соён гэгээрүүлэх чиглэлийн нийтлэлийг зонхилон гаргаж байв. Эрхлэн гаргагчид нь Монголын дэвшилт сэхээтнүүд байсан учир үнэн хэрэгтээ хэнээс ч хамааралгүй, нийтлэлийн бие даасан бодлоготой хэвлэл байсан” гэж  онцлон тэмдэглэсэн байна.
“Шинэ толь хэмээх бичиг”-ийн эрхлэгч нь Ж.Цэвээн байв. Тэрбээр Монголын анхны тогтмол  хэвлэлийг санаачлан үүсгэж, нийтлэлийг нь төлөвшүүлэхэд өөрийн бүтээлээр үлгэр үзүүлсэн гэж хэвлэлийн түүхнээ өгүүлсэн нь бий.  Энэ гавьяаг нь мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрч 1993 оноос эхлэн манай сэтгүүлч, судлаачид Ж.Цэвээнийг Монголын сэтгүүл зүйг үндэслэгч гэж үзэх болсон билээ. Хэлэлгүй өнгөрч боломгүй бас нэг зүйл бол Ж.Цэвээн Монголын сэтгүүл зүйг харьцангуй чөлөөт нийтлэлтэйгээр үндэслэсэн байдаг ажээ.
Монголд тогтмол хэвлэл байгуулагдсаны 97 жилийн ойн мэндийг үзэгт нэгт нөхдөдөө news.mn сайт, “Ардын эрх” сонины хамт олны зүгээс хүргэж “Үзэг нь хурц, үг нь мэргэн байх”-ыг ерөөе.
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж