“Монголчуудын ядуу сэтгэлгээ!”

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

“Монголчуудын ядуу сэтгэлгээ!”

Ойрын хэдэн өдөр жиргээ улстөрөөс нийгмийн чиглэл рүү шилжсэн бололтой. Улстөрийн нөхцөл байдлын хувьд ч МАН-ын Их хурал, намрын чуулганаар хэлэлцэлж буй 2014 оны төсөв зэрэг халуухан сэдвийг эс тооцвол өчигдрийн /10.08/ хувьд ерөнхийдөө нийгмийн чиглэл рүү жиргэж байлаа.

Гадны нэг нөхөр “500 ам.долларын гар утас барьж, 1000 ам.долларын сургалтын төлбөр төлөхгүй гэж эсэргүүцэх нь монголчуудын ядуу сэтгэлгээ” гэжээ. Энэ сэдэв олон жиргээчдийн дунд мэтгэлцээн дагуулсан юм. Үнэндээ сургалтын төлбөр өндөр байх тусам чанаржина гэх нэгэн байхад талхны үнээ хүчрэхгүй хүмүүс 500 ам.долларын утас сонирхохгүй гэх нэгэн ч байсан юм. Гэвч монголчуудын ядуу сэтгэлгээ гэдгийг олон жиргээч дэмжиж, нэгийг бодох ёстой гэдгийг сануулсан. Үүнтэй адил гадныхны бас нэгэн дүгнэлт жиргээчдийн анхаарлыг татсан. Энэ бол “Монгол олон зүйл дээр хоцорч яваа ч тамхины хууль дээр тэргүүлэх эгнээнд яваа юм байна” гэсэн жиргээ. Өнгөрсөн 2013 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж буй Тамхины хяналтын тухай хууль нь үр дүнгээ өгч, ширхэгээр худалаалахыг хориглож, тамхи татах, зарах цэгүүдийг тодорхойлж өгсөн нь дам тамхидалт, цаашлаад эрүүл мэндэд их ач холбогдолтой хууль болсон гэдгийг дэмжих жиргээч олон байсан юм. Гэвч хуулийн хяналт сул, дам тахимдалтыг багасгах бус тамхины худалдааг улам ч далд хэлбэрт шилжүүлж байгааг хэлэх хүн ч байлаа.

Дараагийн сонирхолтой сэдэв бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт байлаа. Учир нь нэгэн жиргээч, хөгжлийн бэрхшээлтэй ч Цюрихийн их сургууль төгссөн англи, орос, герман хэлтэй н.Ойдовыг ажилд ороход нь туслахыг жиргээчдээс хүссэн байлаа. Хууль журмандаа бол “50 ажиллагсадтай байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангана” гэсэн журам байдаг ч үүнийг нь хэрэгжүүлдэг аж ахуй нэгж байдаггүй нь шүүмжлэл дагуулав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч, боловсорч, хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг ч ажлын байр олдоггүй гэсэн шүүмж жилийн жилд л гардаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үзүүлэх яам байдаг ч үүргээ биелүүлж байгаа нь ховор гэдгийг жиргээчид харьяа яамныханд нь хаягласан.

Өндөр цалинтай хүмүүсээс авах татвар нэмэх талаар дээр, дооргүй ярих болсон энэ үед их ажилласан хүнийг их торгоно гэж байгаатай адилтгахад жиргээчдийг хөтлөв. Одоогоор тодорхойгүй ч татварын асуудал нийгэмд, жиргээнд ч асуудал дагуулаад байгаа билээ. Хамгийн олон хүмүүс РТ хийсэн жиргээгээр ч тодроод байсан юм.

Жиргээнд бяцхан сенсааци үүсгэсэн өөр нэгэн сэдэв бол Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн телевизэд өгсөн ярилцлага байлаа. “Бүр үхэхээр л өвдчихөөгүй бол битгий эмнэлэгт ирээд ачаалал үүсгээд бай” гэж хэлсэн талаар нэгэн болжмор жиргэсэн. Эрүүл мэндийн дэд сайд ярилцлага өгөхдөө сандарч, буруу зөрүү ярьсан уу, жиргээчид “явуулсан” уу ямартай ч ийм хүн маш чухал салбарын сайд хийж байгаа нь жиргээчдийг эгдүүцэн шүүмжлэхэд хүргэв. Тиймээс ч дэд сайдын ярилцлага гэхээсээ илүү тэнэглэл байлаа гэх жиргээч олон байсан юм.

Энэ өдрийн жиргээ нэг иймэрхүү. Өнөөдрийн жиргээг “Ажилтай байна гэдэг сайхан зүйл. Зорилготой байна гэдэг ч сайхан. Харин зорилгынхоо төлөө ажиллана гэдэг үнэхээрийн сайхан хэрэг” гэсэн нэгэн жиргээчийн үгээр өндөрлөе. Болжморуудаа зорилгынхоо төлөө ажиллаад байж дээ.

Тоймлосон:Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж