Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Монгол Улсаас зарим улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөн дэмжлээ.

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цолмонгийн Болор, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн Холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ваанчигийн Пүрэвдорж нарыг томилуулах саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ. Мөн уг саналтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн Холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эгүүлэн татахаар санал оруулсан байв.

Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Элчин сайдад нэр дэвшигчдийг салбартаа олон жил ажилласан, ажлын туршлага өндөр, мэдлэгтэй мэргэжлийн дипломатчид байна хэмээн үнэлээд, томилогдсоныхоо дараа эдийн засгийн гадаад харилцаанд анхаарч, өргөжүүлэх чиглэлээр орон бүртээ санаачилгатай ажиллахыг захисан юм.

Байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.  Дээрх төслийг Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулсан юм.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцох, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016 оны сонгууль, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх зэрэг зорилтууд тавьж ажиллаж байгаа бөгөөд цаашдаа дэлхийн хамтын нийгэмлэгт эзлэх өөрийн байр суурийг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Байнгын төлөөлөгчийн газар /БТГ/-ын орон тоог нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх, БТГ-ын тэргүүний зэрэглэлийг өндөрсгөх буюу Дипломат албаны тухай хуулийн 16.1-д заасны дагуу Элчин сайдын адилаар УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг байх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа аж.

Одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Засгийн газрын тогтоолоор томилж, эгүүлэн татдаг. Хуулийн дээрх зохицуулалтаас үүдэн өнөөгийн нөхцөлд манай улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нь зэрэглэл, зиндаа, ахлах дарааллын хувьд манай улсаас бусад гадаад улсад суугаа Элчин сайд нараас хамгийн дор эрэмбэлэгддэг юм байна.

Олон улсын жишгээр Элчин сайд, Байнгын төлөөлөгчийн зэрэг зиндаа нь адилхан байдаг буюу тэдгээрийг томилох, эгүүлэн татах субьект, журам нь ихэнх тохиолдолд адилхан байдаг аж. Тухайлбал, ОХУ, АНУ, Хятад, БНСУ, Филиппин, Индонез, Бразил, Швейцарь, Лаос, Вьетнам зэрэг улс НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөө Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Элчин сайдын статустай томилдог юм байна.

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох чиглэлийг баримталж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 164 улстай дипломат харилцаа тогтоосны зэрэгцээ 15 улстай сүүлийн хоёр жилийн хугацаанд дипломат харилцаа тогтоогоод байгаа. Цаашдаа 30 улстай дипломат харилцаа тогтоох хоёр талын холбогдох яриа хэлэлцээ, болон бусад олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх ажиллагаа нь тус Байнгын төлөөлөгчийн газраар хийгдэж ирсэн, цаашдаа ч хийгдэх юм байна. "Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын хавсран сууж ажиллах, хавсран хариуцах улсуудын хуваарь"-ийн дагуу Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нь Аргентин, Бразил, Чили, Перу Улсыг хавсран суухаас гадна нийт 61 улсыг хавсран хариуцах юм байна.

Иймээс дээрх үндэслэлийн дагуу Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнийг Элчин сайдын адилаар УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг байх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу өргөн мэдүүлсэн байна. Эл төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Дараа нь “Бүгд Найрамдах Солонгос улс болон Бүгд Найрамдах Түрк улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Ингэхдээ дээрх төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гаргасан нь байнгын хорооны гишүүдийн дэмжлэг хүлээв. Мөн тус байнгын хороогоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн албан бичгийн хариуд тус яамнаас ирүүлсэн танилцуулгыг хаалттай горимоор хэлэлцсэнээр энэ өдрийн хуралдаанаа өндөрлүүллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж