Хүрээний хөөрхөн хүүхэн “Сүнжидмаа”

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Хүрээний хөөрхөн хүүхэн “Сүнжидмаа”

Хүрээний хөөрхөн хүүхэн “Сүнжидмаа” түүхэн бүтээлийг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон тайзнаа амилууллаа. 1980-аад онд мэндэлсэн энэхүү дуулалт жүжгийг хөнгөн явдалтай хүрээний хүүхний амьдралыг харуулсан, эмэгтэй хүний нэр хүндэд халдсан гэх зэргээр тухайн үеийн нийгэм тийм ч таатай хүлээн аваагүй гэдэг. Гэхдээ “Сүнжидмаа” бол Монголын урлагийн түүхэн дэх чухал бүтээл, өдгөө ч тайзнаа оршиж буй дуулалт жүжиг.

Ардын дууг тайзны бүтээл болгон амилуулсан тус жүжгийн зохиолыг  Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа бичиж, хөгжмийг Төрийн шагналт Д.Лувсаншарав зохиосон байдаг. 30 гаруй жилийн өмнөх “Сүнжидмаа”-д Б.Сарантуяа, Мянганы дүрд Гавьяат жүжигчин Д.Банзрагч, Наваан- Д.Самбуу, Дэжид-Ш.Намсрайжав тогложээ. Харин найруулагчаар Ё.Цэрэндолгор, ерөнхий удирдаачаар С.Сүндэд ажиллаж байж. Харин 33 жилийн тайзнаа дахин шинэчлэн тавьсан “Сүнжидмаа”-д чуулгын гоцлол дуучин С.Цогтсайхан, Ц.Түмэнжаргал, Мянганд Б.Батмэнд, дуучин Г.Отгонзул, Наваанд дуучин П.Баярмагнай, дуучин Э.Чинчулуун нар дуулсан юм. Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын дуучин П.Баярмагнайг Навааны дүрийг бүтээлгээр урьсан гэнэ.

Анх удаа 1981 онд тайзнаа эгшиглэсэн “Сүнжидмаа” тухайн цаг үеэс хамаарч дуу, бүжиг дэглэлт ихтэй тавигдаж байсан бол өдгөө тоглогдож буй жүжиг найруулгын хувьд нэлээд өөрчлөгдөж, драмчилсан жүжиглэлт ихтэй болжээ. Түүнчлэн эсрэг дүрүүдийн тоглолтыг товойлгож өгснөөрөө онцлогтой. Жүжгийн найруулга өөрчлөгдсөн ч хөгжмийн найруулга, дууны үг, бүжиг гээд бүхэлдээ хуучны тэр л янзаар байгаа гэдгийг уран бүтээлчид нь онцолж байна.

“Сүнжидмаа” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолыг Төрийн шагналт Д.Лувсаншарав найруулан тавьж байсан бол тайзны найруулгыг Ё.Цэрэндолгор, дууны үгийг Ж.Бадраа бичиж, тайзнаа амьдруулж байжээ. Тухайн үедээ Ж.Бадраа гуайг зохиолын эрхээ авалгүй тайзнаа амилуулсан хэмээн социалист нийгмийн удирдлагууд ундууцан хариуцлага хүртэл тооцож байсан удаатай, мөн албан шахалтаар тайзнаа тавих эрхийг өгөхгүй байсан хэмээн Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав ихэд эмзэглэн өгүүлж байсан юм.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж