Цементийн үнэ буурах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Цементийн үнэ буурах боломжтой гэв

Замын-Үүд, Эрээнээс өнөөдөр 120 гаруй вагон цемент ирж буй талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Ингэснээр энэ жилийн хувьд өдөрт ачигдсан цементийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт болж байгаа ажээ. Энэ зуны хувьд нэг өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс ирж байжээ. Цементийн үнийн тухайд есдүгээр сарын 15-наас өмнө нэг тонныг 135-145 мянган төгрөгөөр борлуулж байсан бол үүнээс хойш нэг тонн нь 200 мянган төгрөгт хүрээд байсан. Үнэ ийнхүү өссөн шалтгааныг импортлогч аж ахуйн нэгжүүд юанийн ханшийн өсөлт, тээвэрлэлт,  Хятадын компаниуд үнээ өсгөсөнтэй холбон тайлбарлаж буй. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн албаны хүмүүсийн хамтаар БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзан, ачилтын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас цемент, арматурын үнийг тогтвортой барих хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжүүлж, үнийг есдүгээр сарын 15-ныг хүртэл тогтвортой барьсан гэлээ. Гэтэл БНХАУ-ын цементийн үйлдвэрүүд дөрөв хоногийн зогсолт хийж, юанийн үнэ нэмэгдсэн  нь цементийн үнэ нэмэгдэх шалтгаан болжээ. Мөн  барилгын компаниуд ирэх онд баригдах барилгынхаа суурийг цутгахын тулд ихээхэн хэмжээний татан авалт хийснээр, хил дээр гацалт үүсч, улмаар цементийн  хомсдолд хүргэсэн байна.

120 гаруй вагон цементийн ачилтыг хийхээр 210 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлээд цементийн хомсдол үүсэхгүй, нийлүүлэлт нэмэгдсэн учраас үнийн хувьд тодорхой хэмжээгээр буурах боломжтой гэж албаныхан онцоллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж