
Цахилгааны урамшууллыг өнгөрсөн 2011, 2012 онд өвлийн саруудад олгож хэвшээд байгаа юм.
Энэ аравдугаар сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айлуудын цахилгааныг хөнгөлж эхэлсэнтэй холбоотойгоор хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаарх мэдээлэл хүргэе.
Цахилгааны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?
Хэрэглэсэн цахилгааны төлбөрийн тодорхой хувийг хөнгөлүүлэхийн тулд иргэн, айл өрхүүд дараах шаардлагыг хангасан байх шаарлагатай юм. Үүнд,
- Стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай
- Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа
- Бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай
- Газрын гүнийн дулаан, нар салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа
- Стандартын шаардлага хангасан шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа.
- Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай
- Түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын тусламж, төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа бол цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах боломжтой юм.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6.1.2-д заасан цахилгаан халаагуур бүхий айл өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт.ц хүртэлх хэрэглээний цахилгааны төлбөрийн 50 хувийг хөнгөлөх юм. Харин шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа, стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай гэх мэт бусад шаарлагыг хангаж буй өрхүүдийн ахуйн хэрэглээнд хэрэглэсэн 200 кВтц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх ажээ. Өөрөөр хэлбэл, дүүрэг, хороодоор дамжуулан худалдаалсан утаагүй зуух, гэрийн дулаалга авч хэрэглэж байгаа айлуудын цахилгааны төлбөр сард дунджаар 25 мянган төгрөг байдаг. Энэ урамшуулалд хамрагдсанаар сар бүр 10 мянган төгрөгийг хэмнэж чадах юм байна.
Шөнийн тарифын хөнгөлөлтийг мөрдөх хугацаа нь оройн 18.00 цагаас өглөөний 09.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Дээрх шалгуурыг бүрэн хангасан бол иргэд харьяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд урамшуулалд хамрагдах хүсэлтээ гаргах хэрэгтэй ажээ. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хүсэлт гаргасан айл өрхийг зохих шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг газар дээр нь шалгаж үзээд цахилгааны үнийн урамшуулалд хамруулахаар тодорхойлолт гаргах юм байна. Тодорхойлолтыг үндэслэн Агаарын чанарын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргана. Дүгнэлт гарсны дараа тухайн хэрэглэгч Хэрэглэгчдэд үйлчлэх төвд иргэний үнэмлэх, цахилгаан эрчим хүчээр хангах шинэчилсэн гэрээний дэвтэртэйгээ очин “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулан урамшуулалд хамрагдах гэнэ.
Мөн өнгөрсөн 2012-2013 онд цахилгааны үнийн урамшуулалд хамрагдаж байсан хэрэглэгчид дахин гэрээ байгуулах шаардлагагүй ажээ.