Мөнгөний бодлого бодит сектор рүү чиглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлого бодит сектор рүү чиглэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцсэн. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 онд яагаад мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсэн, бодлогын үр дүн ямар байгаа талаар болон 2014 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн зорилтуудын талаар илтгэл тавьж, гишүүдийн асуултад хариулав.

Ирэх онд Монголбанк инфляцийг бууруулах, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад эдийн засгаас хамаарах хамаарлыг багасгах, эдийн засгийн дархлааг сайжруулахад бодлогоо бас чиглүүлэх юм байна.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонхи нь Монголбанкны инфляцийг бууруулах, санхүүгийн салбарыг бэхжүүлэх, бодит секторыг дэмжих чиглэлээр энэ онд хэрэгжүүлсэн бодлого нь дотоодын эдийн засагт үүссэн хүндрэлийг саармагжуулж, санхүүгийн болзошгүй хямралаас сэргийлэхэд чухлаар нөлөөлснийг онцолж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нар Монголбанкийг төгрөгийн ханшаа тогтвортой барьж байх ёстой гэсэн байр суурьтай байсан. Тэд валютын хатуу ханштай байх саналыг хэлэлцүүлгийн үеэр дэвшүүлж, багагүй улстөржөөд авна лээ.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж