Зардлаа хэмнэхгүй бол хариуцлага тооцно гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Зардлаа хэмнэхгүй бол хариуцлага тооцно гэв

Засгийн газраас  сар бүрийн хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-2222” уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Энэ удаагийн уулзалт “Төсвөө шинэчилье” сэдвийн хүрээнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон яамд, агентлагуудын газрын дарга гээд өргөн хүрээг хамарлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихын тулд олон талаас нь ярилцаж, төлөвлөсөн. 2013 оны Төсвийг нэлээд их хэмжээний орлого олно гэж төлөвлөснөөс улсын төсөв алдагдалд орсон хүндрэлтэй байна. Яам, тамгын газар хөрөнгө оруулалт, зарлага, орлогоо тооцоолон анхаарах шаардлага гарч байна. Бид энэ байдлаар явбал 2014 онд бүтээн байгуулалт хийх мөнгөгүй болох гээд байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгийг төсвөө шинэчлэх талаар яам, тамгын газруудын саналыг солилцож, хэлэлцэхээр болсон” гэдгийг хуралдааны эхэнд онцлон хэлэв. Үүний дараа 2014 оны Төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн зарлага болоод төсвийн бүрдүүлэлт, орлого, зарлагын талаар дүн шинжилгээ хийснээ  Эдийн засгийн хөгжлийн яамнаас танилцууллаа.

Төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу 2014 оны төсвийг боловсруулсан бөгөөд Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд үүсээд байгаа нөхцөл байдлыг авч хэлэлцэв. Тодруулбал, хуулиар батлагдсан төсөвт өртөг нь зураг төсөл, экспертизээр хянагдан батлах зардал өсч байгаа, төсөл, арга хэмжээний хэрэгжилт удааширч байгаа, Төсөл, арга хэмжээний зураг төсөлд тусгагдаагүй нэмэлт ажил бий болж төсөвт өртөг нэмэгдэж байгаа, Төсөвт өртгийг байнга нэмдэг, жил бүр санхүүжилт авдаг боловч ажил нь дуусдаггүй төслүүд ихээр бий болж байгаа, Төсөвт өртөгт үнийн зөрүү ихээр гарч байгаа гэсэн хүндрэлүүд үүсээд байгаа аж.

Төсөвт хүндрэл үүсгээд байгаа олон шалтгааныг судалж, гаргасан байна. Тодруулбал, экспертизээр төсөвт өртөг хамгийн их нэмэгдсэн таван төсөл байгаа юм байна. Сэлэнгэ аймагт баригдаж буй Усан бассейн 2011 онд 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бол 2014 онд 4,5 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Мөн Завхан аймгийн Хөгжимт драмын театр 2011 онд гурван тэрбумын өртөгтэй байсан бол 2014 онд 9,9 тэрбум болж нэмэгдсэн байна. Энэ мэт өмнөх онуудад хийгдэхээр төсөвт тусгагдаж, мөнгөө авсан ч одоо болтол хийгдэж дуусаагүй, он дамжсан ч төсөв нь нэмэгдсэн олон барилга, байгууламж байна. Төсөв нэмэгдсэн шалтгааныг үнийн нэмэгдэл гэж байгаа ч энэ хугацаанд цалин нэмэгдээгүй байна. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ийм тогтолцоо өмнө нь байсан. Засгийн газар үүнийг шинэчлэх гэж хичээж байна. Нэг аймагт усан бассейн барихын тулд 4,5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Тухайн үедээ энэ барилгыг барьсан бол зөрүү мөнгөөр нь хоёр цэцэрлэг барих боломж байсан. Тиймээс энэ жилийн төсөвт анхаараад иймэрхүү зардлыг бууруулж байх ёстой” гэлээ. Мөн тэрээр хэлэхдээ, төсвийн урсгал зардал нэмэгдэж байна. Орон тоо нэмэгдэхийн хэрээр усргал зардал нэмэгдэж байна. Үүнээс гадна ижил багтаамжтай барилга аймаг тус бүр дээр өөр өөр төсөвтэй гарч байгаа нь төсөвт хүндрэл учрахад нөлөөлж байгааг Эдийн засгийн яамны судалгаа харуулсан байна. Тухайлбал, Завхан аймгийн гурван суманд Соёлын төв баригдах төсөв нь 1,1-3,2 тэрбум гэсэн гурван өөр төсөвтэй баталж байна. Тиймээс нэг зураг төсөлтэй болгож, нэг стандартаар барих шаардлага гарч байгааг Ерөнхий сайд шүүмжилсэн юм.

Үүнээс гадна төрийн албаны тоо, барилгыг нэмэгдүүлэхэд урсгал зардал нэмэгдэж байгааг судалгаагаар харуулсан байна. Урсгал зардал 2008 онд 1,7 их наяд байсан бол 2014 онд таван их наяд байхаар төсөвлөсөн. Сангийн яамнаас гаргасан судалгаагаар жилд нэг төрийн албаны барилга нэмэгдэхэд урсгал зардал нь 30 тэрбум орчим төгрөг нэмэгдэх тооцоотой байгаа аж. Тиймээс төрийн албаны барилгыг нэмэгдүүлэхгүй байх дээр анхаарахыг мөн санууллаа. Жишээлбэл, хуучин Сангийн яам дөрвөн давхар байшинд багтаж байсан бол одоо есөн давхар барилга дотор багтахгүй дахин барилга нэмэх талаар яригдаж байгааг Ерөнхий сайд шүүмжиллээ. Тиймээс төрийн алба төсвийн зардлаа хэмнэж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.

2014 оны Төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, долоо хоногийн дотор яамд урсгал зардал болон бусад зардлаа танаж, Төсөв хэмнэхээр ажиллахыг үүрэг болголоо. Хэрэв эдгээр шаардлагуудыг биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж