Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Сүйтгэн шинэчлэгчид

Би ер ойлгохоо байлаа. Уг нь оюун санааны эрх чөлөө, өөрөөрөө амьдрах боломж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойчын сайн сайхны төлөө, өв их шастир түүхээ өвлөн үлдээж урьдны үзэл сурталжсан түүхийн хар сүүдэр энэ үе, дараа үед минь ч бүү тохиолдог хэмээн ардчилсан үзэлтнүүдийг дэмжин сонгуульд саналаа өгсөн. Гэтэл би андуурсан бололтой.

Хуучин юм ул болж шинэ юм зул болох гэж нэг үг бий. Энэ нь шинэ юмыг хүлээн авах хандлага тодорхойлсон утгатай. Шинэчлэн ардчилагчид минь энэ үгний утгыг “хар шар феодалын хоцрогдсон” гэдэг шиг л хүлээн авч хүрэлцэхгүй байгаа татварын мөнгийг үрэн таран хийж үндсээр нь “шинэчлэж” байгаа нь гайхамшигтай.

Шинэчлэлийн засгийн газарт социализмын үеийн урлагын бүтээлүүд хэрхэн гай болоод байгааг л ойлгохгүй юм. Саяхан Үүл дарга нисэхийн “цагаан хаалгыг” зам дээр хөндөлссөн гэдэг зүйл ангиар яллаж бүтээн босголтонд саад болсоны учир улсын хөрөнгөөр шавар болгон хувиргаад дахин барина хэмээн тунхагласан. Харин ерөнхий сайд дахин барихгүй гэдгийг наад ард түмэн дээ ойлгуул хэмээн нийтийн мэдээлэлийн хэрэгслээр омогдсон.

Манайхаас бусад орны урлагын бүтээл түүх болдог манай улсынх харин шавар болон нурах тавилантай юм болов уу. Эсвэл 90 жил суурин амьдралаар амьдарсан ч нүүдэлчин удамшил одоо болтол хадгалагдаад байгаа юм уу. Нүүсэн малчны гадаа хэдэн яйжгий шон, овоолсон өтөг, үхрийн баас үлддэг шиг хийсэн бүтээснээ эвдэлэн нураах нь эх оронч авир юм болов уу. Бүү мэд ээ.

Харин манай аймгийн шийдвэр гаргагч нар “Амарын хөшөөг шилжүүлэн байрлуулах нь зөв.Хотын гоо үзэмжинд халтай байна” гэсэн шийдвэр гаргаж зөөхөөр болж байх шиг байна. Сонин юм шүү хотын төв гудамжны замын энхэл донхол хонхорыг нөхөөд засчих хөрөнгөгүй байж хэрдээ л дажгүй тохижилтой “Амарын талбайг” самрах нь. Хавар, зуны улиралд зугаалж цэнгэж ханаад намрын усархаг өдрүүдэд ухаж төнхөж сэндийчэн бүтнийг хагас болгож бүтээснээ балгас болгож эхэллээ.

Холбооны хажууд ухсан замын шороо, нүх хойтон зун хүртэл энэ чигээрээ сагарч, донсолгоо гаргахаар сүлжих жолооч осол гаргаж, замын цагдаа нар ажилтай болох нь . Торгуулын мөнгө ч дажгүй цугларч алдагдаад байгаа төсөв гүйцэх бололтой шүү.

Өнгөрсөн үеийн хийсэн бүтээсэн болгоныг шүүмжлэн, буруутгаж байгаа “шинэчлэгч” улс төрчдийг харахаар нөгөө коммунист филлософи заалгаж байхдаа сурсан “ Нялхасын өвчин” гэдэг Ленин багшийн томъёолол орж ирээд байхын. Алив юмны эх сурвалж, удам гарлыг хайр найргүй устган, үгүйсгэх нь яг л “Социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдний цөцгий мэт нандигнан хайрлаж” байсан “социалист овосгоог” санагдуулна. Юмыг орвонгоор нь эргүүлж, үндэс суурыг нь тасалж байж өөрийн үзэл бодол, үйлдэлээ гаргаж ирэх гэсэн оролдлого нь улам л тодроод байх юм.

Ингээд хараад байхаар хөөрхий дөө “Усны эх нь булингартай бол адаг нь булингартай” “эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэсэн үг” санаанд өөрийн эрхгүй орж ирэх юм.

Өөрсдийгөө ардчилагч гэж үздэг, итгэдэг энэ гарууд чинь коммунист нийгмийн үзэл сурталжсан эцэг эхийн гар дээр өсөж, нам засгын хайр ивээлээр цэцэрлэг, сургуульд хүмүүжиж боловсрохдоо яруу алдарт МАХН-ын бүгд хурлыг “тавын дэвтэр” дээр конспектлон бичиж шалгуулж явсан “Үлгэр жишээч хүмүүжилтэй” сурагчид байсан юм биш үү гэж бодогдлоо. Учир нь балчир ухаанд минь үлдсэн ганц дурсамж бол тухайн үед нам засгын аль ч шатны удирдлага буруу гэж үзсэн л бол буруутгагдсан зүйлс газрын хөрснөөс арчигдан хаягдаж, үзэл бодлоор жадлан эсэргүйцэгдэж, сайн зүйл муу зүйл болон хувирдаг хэдэн үедээ жигшигддэг байсныг санах юм.

Ардчилсан төрийн засаг барьсан хоёр жилийг харахаар урдны засгийн газрын “нийгмийн дэмжлэгт бодлого”-ын алдааг засах гэж хичээн чармайж байгаа нь ажиглагдана. Гэвч өнгөрсөн түүхийг бүхэлд нь харлуулах гэж улайрах үзэл суртал нь хэрээс хэтэрлээ гэж бодох юм. Ардын хувьсгалын ойг алга болгох оролдлогоос эхлээд соц нийгмийн үед бүтээгдсэн бүх л урлаг соёл, түүхийн бүтээл рүү халдан довтлохын цаад санаа нь хотын төвийн А зэрэглэлд хамаарах алга дарам ашигтай газрыг эрх мэдэлтэй байгаа үедээ амжиж өөрийн болгох шунаг хүсэл, хувьчлаад авах зүйл үлдээгүй болохоор засгийн мөнгөнөөс ямар ч аргаар ахиухан унацтайгаар хэдэн төгрөг зувчуулан сонгуулын шархаа нөхөх “ үл ялих зовлонт хүсэл” л харагдаад байгаа юм даа.

Орхон аймгийн эрхэм дарга нараа. Эрдэнэт хотод хийх юм их байна. Амарын хөшөөг нүүлгэх олон сая төгрөгөөрөө ядаж хотын төвийн хэдэн замыг гүйцээгээд нөхөөд өгөөч, дахиад мөнгө гарвал 5-14 байрны ус тогтдог замыг, тоглоомын талбайг засаад өгөөч.

Уг нь би орцныхоо үүдэнд зундаа бичил нууртай, өвөлдөө гулгуурын талбайтай таван жил сайхан амьдарч байгаа ч замаас хальсан ус нь байрны подвал руу ороод суурь нь живчих болов уу гэж жаахан санаа зовох боллоо. Надаас бусад суугчид нь 20 жил тэгж амьдарч байгаа гэсэн.

Амрын хөшөөг захиргааны өмнө аваачиж ардчилалын буянг алдаршуулах чинь зөв болов ч ард түмэн чинь эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгааг эргээд нэг хараа ч . Хүнсний зах дээр хамгийн сүүлд хэзээ очсон бэ? Мэдээж сонгогдохын өмнө ард түмний хайртай хүү болж жүжиглэхээр очоо л байлгүй. Тэр газар чинь тэр хэвээрээ л байгаа шүү. Хурдан явахад бүдэрч унаж хөл хугалж мэдэх цементен зам, шороо тоосонд дарагдсан хүнсний бүтээгдэхүүн согтуу худалдагч, нийгмийн доодчуул. Тэнд харин эрүүл ахуй аюулгүй байдал гэдэг төрийн буюу “таны” хийх ажил ганцаараа байхгүй. Харин хүн амын маань 90 хувь нь тэр захаар үйлчлүүлдэг юм. Учир нь хямд болохоор л тэр. Хямд, баталгаагүй хүнсээр дамжуулан иргэд өвдсөөр л байна. 10 жилийн өмнө “зах нэртэй Замуурайн хороололыг барьсан. Энэ байгууламж одоо үеэ өнгөрөөж, үйлчилгээгээ хүргэх чадамжгүй болсоныг эрхэм дарга нар минь ухаарч үзээ ч.

Төсвийн мөнгөнөөс зувчуулж амьдралаа дээшлүүлэхээр засагт гарсан гэдгийг чинь ойлгож эхэлж байх шиг. Өдөр бүр хэлэх үг, хийх үйлдэл чинь алд дэлмээр зөрснөөр санаа чинь батлагдаад байх шиг. Учир нь та “коммунист угшилтай” ардчилагч болохоор ах нарынхаа үйлдлийг арай соёлжуулан давтаад байгаа ч юм шиг. Үзэл сурталжсан, үгүйсгэн гутаасан, үнэт зүйлийг үнэгүйдүүлсэн, нэр алдарт улайран, мэдлэг хомс, боловсрол нимгэн, алсын хараа дулимаг гэдгээ батлах овилгогүй үйлдэл, омголон зан авир чинь яг л “социализмын материал техникийн бааз”-ыг барьж байгуулж байсан муйхар мугуйд арга барилыг санагдуулах юм.

Шинэчлэгдсэн төрийн гишүүн байхыг хүсэж, дахин ард олны итгэлийг аван сонгогдохыг хүсвэл хүний нүдэнд харагдахуйц бүтээн босголтыг санаачлан хийж хэрэгжүүлэнгээ төсөвлөгдсөн мөнгөнөөс нь зувчуулж ирэх сонгуульдаа бэлдээч гэж зөвлөе. Хэрээ хараа мэдэх биш. Хүний шунал дуусах биш. Худлаа ярихад чинь хачир, хуурч мэхлэхэд чинь ов болно шүү.

Иргэдийн саналыг хүлээн авч ард түмэндээ ойрхон ажилладаг гэж өөрсдийгөө рекламдах юм билээ мөнгө төлж тэжээдэг телевизүүдээрээ иргэдийн танхимын үйл ажиллагаагааг нээлтэйгээр явуулж иргэдийн дуу хоолойг сонсдог болвол яана. Бид төсвөө зарцуулах үйлсэд саналаа хэлэх эрхтэй гэж төв телевизээр дээд удирдлага хэлсэн шүү. Би ч бас таниар дамжуулан төр барих эрхээ эдэлмээр байна.

Энэ чигээрээ байвал ирэх сонгуульд ах намдаа хэдэн сонгууль өнгөрөвч босч ирэхгүйгээр нам тавиулна шүү. Харин ялсан ах чинь өшөөгөө хэдэн үеэр чинь авах “сэтгэлийн хаттай”, “архаг коммунистууд” гэдгийг битгий мартаарай. Цаг цагаараа байдагүй цахилдаг хөхөөрөө байдагүйг санаж буух газар буцах хаягаа төлөвлөж л суугаарай “шинэчлэгчид минь ээ.

Ард түмэн тэнэг биш ээ.

Тэд та нарт эко хороолол, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарын ургашгүй үйлдлүүдээр чинь хэзээний дүнгээ тавьчихлаа шүү дээ. Монголын төрийн уламжлалт чанарт жаахан ч гэсэн анхаарал тавьж эр хүний ноён нуруу уужуу ухаанаар хийж буй ажилдаа анхаарал тавиач дээ. Гэнэт цадах гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй гэдэг шүү.

Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх албан тушаал гэдгийг хэлүүлэх юун билээ. Хэзээ нэг цагт Н.Энхбаяр шиг хөлийг нь гозгонуулаад аваад явбал, хууль бус үйлдлийнхээ сэжүүрт аймгийн цагдаад дуудагдан ажил, алба, цаг хугацаагаа алдах хэрэг болуузай хэмээн сануулъя. Хуучны зүйлс, өв соёл, урлагын бүтээлийг ард түмэн өндрөөр үнэлдэг болсон энэ цагт өнгөрсөн үе рүүгээ нударгалж, өш зангидахгүй л байвал сайн байна.

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй хэмээн сэтгэж мөр холболоо. Саналаа хэлж дотоод сэтгэлийн бухимдлаа гаргалаа. Үнэнд хэтэрхий ойртож дургүйг тань хүргэсэн бол…

Нийтлэлч: Ц.БАТАА

Эх сурвалж: http://erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж