Мэргэжлийн хяналтынхан өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхан өдөрлөг зохион байгууллаа

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтаж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Тайгам Алтай” компанитай хамтран “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургалт хийлээ. Үзүүлэх сургалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, НМХГ-ын СХНХэлтсийн дарга Т.Энхтүвшин, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат нарын албаны хүмүүс болон барилгын компаниудын  50 гаруй төлөөлөл оролцсон байна. Үзүүлэх сургалтыг  “Тайгам Алтай”  компанийн баригдаж байгаа барилга дээр зохион байгуулсан бөгөөд сургалтад оролцогчид барилгын ажлын явц,  тоног төхөөрөмжтэй танилцсан юм. Түүнчлэн үзүүлэх сургалтын үеэр барилгын чанар, стандарт, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрхэн сахих талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгч, барилгын салбарт ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахад хууль эрх зүйн орчин ямар байгаа талаар хичээл заав.

Мөн гэнэтийн осол, аюул гарсан тохиолдолд хэрхэн ажиллах, гал гарсан үед ямар арга хэмжээ авах талаар оролцогч компаниудын инженерүүд туршлагаасаа бие биедээ хуваалцсан юм. Энэ нь үзүүлэх сургалтыг улам чанаржуулж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 116 компани барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж