Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ

Зүүн Азийн VI наадамд оролцож буй гавьяат тамирчин Б.Сэр-Од 5000 м-т мөнгөн медаль хүртлээ. 

Энэ сарын 6-нд БНХАУ-ын Тяньжинь хотод эхэлсэн Зүүн Азийн VI наадамд БНСУ, Хятад, БНАСАУ, Япон, Тайвань, Монгол зэрэг есөн орны баг тамирчид спортын 22 төрлөөр 262 багц медалийн төлөө өрсөлдөж буй.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 1500 м-т Н.Мөнхбаяр хүрэл медаль хүртээд байсан бол өнөөдөр гавьяат тамирчин Б.Сэр-Од 5000 м-т мөнгөн медаль хүртлээ.

Б.Сэр-Од өнөөдөр Зүүн Азийн наадмын 5000 м-т 14:28.24 минутын амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Энэ зайд Японы Хоши Сохита 14:25.00 минутын амжилтаар алтан медалийг, БНСУ-ын И Жун Жон 14:30.57 минутын амжилтаар хүрэл медаль хүртлээ.

ДАШТ-нд зургаан удаа, oлимпийн их наадамд гурван удаа эх орноо төлөөлөн
оролцсон гавьяат тамирчин Б.Сэр-Од энэ оны хоёрдугаар сард Хонконгт
болсон Азийн марафон гүйлтийн АШТ-нд түрүүлээд байсан бол Зүүн Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 5000 м, 10000 м-т оролцсон ОУХМ Б.Отгонбаяр IV, V байр эзэлж, дээрх зайдаа үндэсний рекордоо шинэчилсэн байна.

Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 400 м-т улсын рекордч Б.Мөнгөнтуул, эрэгтэйчүүдийн 200 м-т Ачитбилэг, 800 м-т Г.Одхүү, А.Ахът нар уралдааны замд гарна.


Зүүн Азийн VI наадамд оролцож буй Монгол улс хөнгөнатлетик, хүндийг өргөлт, буудлага, таеквондо төрлөөс хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна.

Одоогоор (18.00) 158 медаль эзэндээ очоод байгаагаас БНХАУ 26 алт, 18 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон /9+7+13/, БНСУ /6+13+14/ улсууд удаалж байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж