Азийн сан үйл ажиллагааныхаа үр дүнг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Азийн сан үйл ажиллагааныхаа үр дүнг хэлэлцэнэ

АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Азийн сангаас Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар олон нийтэд сурталчлах арга хэмжээг аравдугаар сарын 7-11-нд зохион байгуулж байна. Тухайлбал, Монгол Улсын Жендэрийн үндэсний хороотой хамтран Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн хөдөлгөөний хөгжил, ололт амжилтын талаар дугуй ширээний ярилцлага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран орон нутагт шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог хангах үндэсний анхны семинар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтран “Ногоон хөгжил зохистой хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх аж.  
АНУ-ын Азийн сан нь 1990-ээд оны эхээр Монгол Улсад уригдан ирж, байгуулагдсан хамгийн анхны олон улсын төрийн бус байгууллага бөгөөд 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа нээжээ. Энэ үе Монгол Улсын хувьд ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжсэн түүхэн чухал шилжилтийн үе байсан бөгөөд Монголын өнөөдрийн түүхийг бүтээсэн тэр он жилүүдэд Азийн сан Монгол Улсын ардчилсан шилжилтийг эхнээс нь дэмжин тусалж иржээ. Тус сан сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих, гар аргаар олборлогчид буюубичил уурхайн улмаас эвдэрч сүйдсэн байгаль орчны нөхөн сэргээлтийг дэмжих, хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх үндэсний дэд зөвлөлтэй ажиллаж, мэдээллийг ил тод нээлттэй болгох зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Н.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж