
АНУ-ын Азийн сан нь 1990-ээд оны эхээр Монгол Улсад уригдан ирж, байгуулагдсан хамгийн анхны олон улсын төрийн бус байгууллага бөгөөд 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа нээжээ. Энэ үе Монгол Улсын хувьд ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжсэн түүхэн чухал шилжилтийн үе байсан бөгөөд Монголын өнөөдрийн түүхийг бүтээсэн тэр он жилүүдэд Азийн сан Монгол Улсын ардчилсан шилжилтийг эхнээс нь дэмжин тусалж иржээ. Тус сан сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих, гар аргаар олборлогчид буюубичил уурхайн улмаас эвдэрч сүйдсэн байгаль орчны нөхөн сэргээлтийг дэмжих, хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх үндэсний дэд зөвлөлтэй ажиллаж, мэдээллийг ил тод нээлттэй болгох зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Н.ГЭГЭЭ