
Одоогийн “Олимп” баазын барилгыг анх 1978 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын байрны зориулалтаар барьж байгуулсан бол Ш.Отгонбилэг агсны санаачилгаар 1996 оноос эхлэн тамирчдын бэлтгэл сургуулилтын бааз болгохоор үйл ажиллагааг нь өөрчилсөн юм. “Олимп” бааз 1996 оноос өнөөг хүртэл Орхон аймгийн орон нутгийн өмчид харьяалагддаг байсан бол Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн тушаалаар Монголын тамирчдын бэлтгэлийн төвийг холбогдох тогтоол, шийдвэрийн дагуу Төрийн өмчид шилжүүлэхээр болсон. Ингээд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн холбогдох журмын дагуу асуудлыг шат дараатай шийдэхээр ажиллаж, орон нутагт өмчийн үйлдвэрийн газар байсныг Төрийн өмчид шилжүүлэх ажлыг зургадугаар сарын 10-нд албан ёсоор зохион байгуулсан байна. Хоёр талаас томилогдсон ажлын хэсгийнхэн энэ үеэр “Олимп” баазын барилга байгууламж, эд хөрөнгийг бүртгэн, хүлээлцжээ. Нийт 600 сая төгрөгийн үнэлгээтэйгээр Орхон аймгийн өмчөөс улсын өмчид шилжүүлэхээр болсны дагуу эхний ээлжинд Эрүүл мэндийн сайдын багцаас 350 сая төгрөгийг аймгийн дансанд шилжүүлсэн байна.
Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн нутаг дэвсгэрт байрлах “Олимп” бааз нь газарзүйн байрлалын хувьд далайн төвшнөөс дээш 1200 метрт өргөгдсөн, Сэлэнгэ мөрнөөс 3 км зайд, уулын нөмөрт байрладаг бөгөөд өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл, сургуулилт хийх нөхцөл шаардлагад нийцсэн төв юм. Спортын барилга байгууламжийн хувьд хоёр спорт заал, саун, теннис, бильярдын танхим, хөлбөмбөгийн талбай зэргийг тохижуулж байгуулсан нь тамирчдын бэлтгэлийн орчин ахуйг хангахад тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн гэж үзэж болох юм. Гэхдээ 1978 оноос хойш уг барилга, байгууламжуудад их засвар хийж байгаагүй тул цаашид улсын зүгээс өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэлийн төвийг сэргээн засварлах талаар шийдэх зүйл багагүй байгаа нь мэдээж. Нэгэнт энэ байгууламжийг улсын өмчид шилжүүлж, Монголын тамирчдын олимпийн бааз болгохоор шийдсэн тул цаашид БТСХ-нд харьяалагдаж байгаа тус олимпийн баазын боловсон хүчний асуудал, орон тоо, тэнд ажиллагсдын цалин, хангамж, үйл ажиллагааны чиглэл гээд олон зүйлийг Засгийн газар шат дараалан шийдэх биз ээ. Ямартай ч өмнө нь шигшээ багийн тамирчдаа мөнгө төлж байрлуулдаг байсан “Олимп” бааз улсын өмч болсноор Монголын тамирчид олимпийн наадамд бэлтгэх “өөрийн гэсэн” үндсэн баазтай болж байна. Сонирхуулахад, манай тамирчид анх 1996 оны Атлантын олимпийн өмнө “Олимп” баазад олимпийн бэлтгэлээ хийж, гавьяат тамирчин Д.Нармандах тэр жил олимпийн хүрэл медаль хүртэж байсан юм. Харин яг одоогоор Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид тус баазад ирэх есдүгээр сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ базааж байна.