ДЦС-4-ийг 4,2 тэрбум иенийн өртгөөр шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

ДЦС-4-ийг 4,2 тэрбум иенийн өртгөөр шинэчилнэ

УИХ-ын Төсвийн  байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр ДЦС-4 ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай зээлийн асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх болж байна.

1983 оноос хойш улсын эрчим хүчний ачааг үүрч яваа ДЦС-4-ийн техник хэрэгслүүд хуучирч элэгдэн, доголдоод удаж байгаа. Цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчлэхээр Япон улсаас 1997-1999 онд дөрвөн тэрбум, 2001-2005 онд зургаан тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл авчээ. Харин энэ удаад  4,2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл авч, дорвитой шинэчлэл хийхээр  төлөвлөөд байгаа аж. Байнгын хорооны гишүүдээс тавьсан тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг ямар журмаар зохион байгуулах, Монголын талаас судалгаа хийсэн эсэх асуултад салбарынхан олон улсын нээлттэй тендер зарлах учир  хэн бүхэнд нээлттэй, зах зээлийн жишгээр өрсөлдөнө гэх хариулт өглөө. Зээлийн гэрээний хүрээнд Японы талаас 4.2 тэрбум иенийг 40 жилийн хугацаатай, жилийн 0.3 хувийн хүүтэй зээлнэ. Төслийг хэрэгжүүлэх хугацаа 2019 он хүртэл байсныг урагшлуулж 2017 онд дуусгахаар төлөвлөжээ. Шинэчлэлийн хүрээнд станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулснаар хэрэглэх нүүрсний хэмжээг багасган, доголдол зогсолтыг бууруулах аж.

Эрчим хүчний хэрэглээ дараагийн таван жилд 5-7 хувиар өсч, цаашид ч энэ өсөлт хадгалагдах хандлагатай байгаа учир станцуудын ажиллах хүчийг дээшлүүлэх чиглэлийг Засгийн газар барьж байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж