Бүгд найрамдахчуудын өгсөн гэнэтийн бэлэг | News.MN

Бүгд найрамдахчуудын өгсөн гэнэтийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Бүгд найрамдахчуудын өгсөн гэнэтийн бэлэг

Бүгд найрамдахчуудын зарласан түр зогсолт өрсөлдөгчдөд нь сайхан бэлэг болж байгаа гэхэд дэгс болохгүй. Энэ бол гашуун үнэн. Сүүлийн гурван сарын хугацаанд гадаад худалдааны тэнцэл нь эерэг гарч, бизнесийн итгэл сэргэн, аж үйлдвэрийн салбар нь өндийж байсан. Ний нуугүй хэлэхэд ОХУ болон Хятад энэ үйл явдлыг тийм ч таатай хүлээж аваагүй. Хэдийгээр дэлхийн олон нүдний өмнө инээмсэглэл тодруулж байгаа ч АНУ-ын өсөлт, сэргэлт их гүрнүүдэд тийм ч таатай мэдээлэл биш. Одоо АНУ-ын Засгийн газар түр зогссон байгаа. Энэ зогсолтын үр дүн нь юу вэ? Мэдээж эдийн засгийн уналт, сэргэлтийн зогсолт. Их гүрнүүдийн талархууштай л үйл явдал.

Хятад бэлдээрэй

Хятад улсын эдийн засгийн өсөлт тав гаруй хувьтай гарсан. Аж үйлдвэр болоод худалдааны салбар огцом өссөн. Хятадын томоохон компаниудын хувьцаа ч өсөлттэй гарч байгаа. Нэг ёсондоо энэ жил Хятадын сэргэлтийн жил боллоо гэхэд хилсдэхгүй. Тэд оны эцэс гэхэд эдийн засгийн өсөлтөө найман хувиас давуулахыг хүсч байгаа. Аялал жуулчлалын салбар ч өнгөрсөн жилүүдэд байгаагүйгээр өссөн. Энэ бол яах аргагүй цаасан дээр байгаа эерэг үзүүлэлтүүд. Дэлхийн банкны судалгаагаар жижиг бизнес болон томоохон бизнес эрхлэхэд эрсдэлтэй ч хамгийн боломжтой орчин гэдэг дүгнэлт гаргасан. “Маркет” судалгааны төвийн судалгаагаар ирэх 15 жилд АНУ-ын эдийн засгийг луугийн эх орон бүрэн гүйцнэ гэж мэдэгдээд буй. АНУ-ын Засгийн газрын түр зогсолт гүйцэж түрүүлэх таатай боломжийг луугийн эх оронд олгож байгаа нь гарцаагүй.
 
“Хятадын хувьд энэ бол таатай мэдээлэл. Шинжээчдийн таамаглалаар АНУ-ын эдийн засаг болоод худалдааны сэргэлт буцаад унах хандлага ажиглагдаж байна. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт. 0,9 хувиар өсөх хандлагатай байсан таамаглал одоо өөр тийшээгээ хазайна гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Томоохон компаниуд хувьцаагаа эргүүлэн татаж байгаа нь сүүлийн гурван хоногт гарсан үзүүлэлт. Ерөнхийдөө томоохон эдийн засагтай улсуудад маш таатай үйл явдал болж хувирлаа” гэж “Маркет” судалгааны төвийн захирал Крис Уилльямсон ярьжээ.

Европ яах вэ?

Ам.долларын нийлүүлэлт Европт чамгүй бий. Тийм ч учраас АНУ-ын эдийн засгийн уналт томоохон цохилт өгч магадгүй. Эсрэгээрээ зарим томоохон эдийн засгийг өсгөж ч болох юм. Ямар ч байсан Германы ажилгүйдэл огцом уналт үзүүлсэн. Яг одоогоор Германд гурван сая орчим хүн ажилгүй байгаа. Нийт Европ даяар 20 гаруй сая хүн ажил хайж байгаа. Франц болоод Германы эдийн засаг уналттай гарсан. Европын хөрөнгийн зах зээл савалгаатай хэвээрээ л байна. Хэдийгээр өнгөрсөн сарын сүүлээр сэргэх төлөв ажиглагдаж байсан ч АНУ-ын түр зогсолтын дараа болгоомжлох хандлага ажиглагдаж байгаа билээ. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Европын томоохон компаниуд компанийнхаа удирдлагыг Европ руу татаж байгаа. Энэ бол яг одоо болж буй үйл явдал. Сүүлийн жилүүдэд байгаагүйгээр Европын эдийн засаг сэргэж буй. 2008 оноос хойш хямрал гэдэг үгээр имижээ хийж явсан буурал тивийн эдийн засаг одоо л нэг сэргэх гэж байна. Хэдийгээр томоохон компаниуд болгоомжилж буй ч бүх Европт АНУ-ын түр зогсолт таатай үр дүн авчирч болох юм. Ирэх жил Европын холбоонд гурван улс шинээр элсэнэ. Энэ хугацаанд Европын холбооныхон өдийг хүртэл үзүүлж байгаа амжилтаа тогтвортой барихыг хичээх болно. Үүнийг маш хэцүү гэдгийг тал талдаа ярилцаж буй ч ажил хэрэг болгоход буурал тивийн “зузаан түрийвч”-нүүд тусална гэдгээ амлаад байгаа.

Бусад нь…

Бусад нь дээрхтэй л адил. Талархан хүлээн авч байгаа. Гэхдээ Зүүн Азийнхан энэ асуудалд нухацтай хандах нь лав. Учир нь ам.долларын нийлүүлэлт Азид их бий. Зөвхөн америк доллараар цалингаа тавьдаг улсууд ч хэд хэд бий. Японы хувьд гэвэл хөрөнгийн зах зээлд санаагаа зовоож буй. Абеномиксийн бодлого дөнгөж хэрэгжиж буй энэ улсад АНУ-ын түр зогсолтоос үүссэн эдийн засгийн хямрал цохилтоо их бага хэмжээгээр өгөх нь гарцаагүй. ОХУ-ын тухайд АНУ-ын Конгресс яаралтай гацаанаас гаргах тал дээр ажиллах хэрэгтэй гэж мэдэгдэж байгаа. Учир нь ОХУ-д сөрөг үр дагавар аль хэдийнэ ажиглагдсан болохоор тэр.

Харж л байя. Бүгд найрамдахчууд үнэхээр бэлэг барьчихав уу…

Б.СҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГАРЧИГ БУРУУ 2013-10-08 103.26.194.57

СҮРПРАЙЗ ГЭХ БАЙЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж