-Таныг "Гал үндэстэн" холбооны нэр бүхий хүмүүсийг батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ташаа мэдээлэл гэдгийг хэлэе. Ардчилсан чөлөөт нийгэмд хэн ч дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Монгол Улсад 6000 иргэний хөдөлгөөн үйл ажиллагаа явуулж байгаагийн тодорхой хувийг байгаль орчны төлөө тэмцдэг хөдөлгөөнүүд эзэлж байна. Байгаль орчноо хамгаалахын төлөө дуугарч, тэмцэж байгаа хүмүүсээ сонсч, дэмжих нь зөв. Гэхдээ хэзээ ч хүчирхийллийг зөвтгөхгүй. Тэмцэж байна гээд буу зэвсэг барьсан асуудлыг би өмөөрөхгүй.
-Ер нь энэ холбооны ард өөр ашиг сонирхол байгаа, тэднийг санхүүжүүлсэн гэж байна. Тийм байх боломжтой юу?
-Энэ асуудал болохоос өмнө холбооныхон надтай холбогдоогүй. Байнгын хороонд хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн. Ер нь хуулийг анх Ц.Мөнхбаяр нар ч санаачилсан юм биш. Бүр өмнөх Засгийн газрын үед З.Энхболд, Ш.Одхүү нарын гишүүд оруулж ирж байсан. Дараа нь 2008-2012 онд нэр бүхий гишүүдээр дэмжигдэж, одоогийн урт нэртэй гээд байгаа хуулийн төсөл орж ирсэн. "Гал үндэстэн" холбооныхны байгаль хамгаалах гэсэн ганц санаа нь зөв, бусад үйлдэл нь буруу.
-Урт нэртэй гэгдэх хуулийн журмыг өөрчлөх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Санаачлан батлуулсан гишүүний хувьд хууль хэрэгжих ёстой. Энэ хуулийн эерэг талуудыг дурдаж, зөвтгөх шалтгаан маш олон. Харин буруутгах хоёрхон шалтгаан бий. Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан, гадаадын хөрөнгө оруулалт багассан гэдэг хоёр зүйл яриад байгаа. Засгийн газрын төвшинд энэ асуудлыг оруулж ирсэн нь эдийн засагт хүнд нөхцөл байдал үүссэнтэй холбоотой байх. Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Д.Арвин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр орон нутагт ажиллахаар явлаа. Эхлээд Баянхонгор, Өвөрхангай, Архангай, дараа нь Төв, Сэлэнгэ, хамгийн сүүлд Хэнтий, Дорнод аймагт ажиллахаар болсон. Энэ асуудлаар би удахгүй хувийн байр сууриа илэрхийлнэ.
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталж байж урт нэртэй хуулийг хэлэлцэх нь зөв гэж зарим гишүүд хэлж байна?
-Миний хувьд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсны дараа хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа. Төр өөрөө 600 тэрбумын нөхөн төлбөрийн асуудалд орсон, олон газарт нөхөн сэргээлт хийгдээгүй эзэнгүй хаягдчихсан байна. Ашигт малтмалыг нь олборлуулаад, нөхөн сэргээлтийг нь компаниудаар хийлгэх талаар яригдаж байна. Одоогоор 300 гаруй ашиглалтын, нэлээд олон хайгуулын лицензийн асуудал бий. Бүгдийг нь ашиглалтаа үргэлжлүүл гэж болохгүй. Хөрөнгө оруулсан байдал, эдийн засагт үзүүлэх нөлөө, нөөц зэргийг нь харгалзан үзээд боломжтойд нь ашиглуулах нь зөв. Гэхдээ ашиглуулна гээд бүх голын эхэнд алт ухаад байж таарахгүй. Санаанд буухгүй байна. Ер нь хамгийн боломжит дундын хувилбарыг сонгох нь зүйтэй.