Хоёр, гуравхан жилийн өмнө дөө, хотын төвөөр янзын сайхан тоомсог унасан цагдаа нар эргүүл хийдэг байлаа. Зэгзийсэн сайхан дүрэмт хувцастай цагдаа нар хотын төвөөр эргүүл хийж яваа нь сайхан л харагддаг байв. Хаа нэгтээ, хотын төв талбайд хааяа нэг хомоол гаргахыг эс тооцвол тэдгээр морьд үнэхээр “гоё” байлаа. Морьтон монголчууд нийслэл хотдоо эргүүл хийх гэж гаднаас өндөр үнээр эрлийз морь худалдаж авсныг шүүмжилсэн нь ч, басхүү гоё харагдаж байгааг сайшаасан нь ч бий. Хэл ам, маргаан дагуулсан тэдгээр морьдын хэргийг харин гаргаж чадсаныг эс мэдэх. Хамгийн гайхалтай нь тэднийг зарахаар болжээ. Хол зам туулж чадахгүй, тэсвэр тэвчээр муутай, тусгай тэжээлээр хооллодог, тэр нь чамгүй үнэтэй гээд асуудал их тул ийн шийдсэн гэнэ. Цагдаагийн дундаж бүрэлдэхүүнтэй тасгийн жилийн төсвөөс хэтийдсэн мөнгийг тэдгээр морьдод зарцуулж буй тул худалдаж, борлуулах арга хамгийн зөв шийдвэр болж таарсан бололтой. Цагдаагийнхны төсвөөс чамгүй хумсалж байсан тэдгээр үнэтэй морьдыг тэгээд хэдий үнээр, хэнд худалдах юм бол доо?
Т.ОД