Цайны дээжээ бусдын машин руу үл өргөмү

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Цайны дээжээ бусдын машин руу үл өргөмү

Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотноо шилжиж ирсэн олон Игрэк гуайнх орчин цагийн орон сууцанд аж төрөх боллоо. Эдгээр олон Игрэкийн гэрийн эзэгтэй нар хөдөө байхдаа цайныхаа дээжийг дөрвөн зүг найман зовхист өдөр бүр өргөж заншсан хүмүүс. Халуун ам бүлээрээ хотын захад хашаанд амьдарч байсан олон Икс гуайнх паартай байранд орлоо. Эдгээр олон Иксийн гэрийн эзэгтэй нар хашаанд байхдаа цайныхаа дээжийг Хан уул тэргүүтэн дөрвөн ууландаа өглөө бүр өргөж дадсан улс. Икс, Игрэк нарын эзэгтэй гэрийн эзэгтэйчүүд тухайн үед цайныхаа дээжийг, заавал гэрийн гаднаасаа өргөдөг байж. Хөдөөнийхөн нь гэрийнхээ тооноор, хашааныхан нь шавар амбаарынхаа поорчигоор цайныхаа дээжийг “цацсан” удаа нэгээхэн ч үгүй. Хожмын өдөр тэр олон эзэгтэй, эмэгтэйчүүд байр орон сууцанд аж төрөх болсноосоо хойш тагтан дээрээсээ цайны дээж өргөдөг болж хотжив. Харин тэдний тагтан дээрээс ингэж цацал өргөхийг өөрсдийнхөө сайн сайхан үйлсийн төлөө сүслэн залбирч тэнгэр хангайдаа хандаж байгаа зөв үйлдэл гэхэд тун хэцүү болж. Учир нь, эхлээд тэнгэрт цацал болж эцэст газарт шингэх ёстой цайны дээж нь байрны гадаа тавьсан машин тэрэг, хол ойр зорчигч хүмүүсийн хувцас, байшингийн хана туурга дээр бууж бохирдуулагч “будаг” болж хувирсан байна.

Бидний монголчууд бэлгэдлийг эрхэмлэхээс гадна “зөв санаа, зөв хэл яриа, зөв үйлдэл”-ийг маш чухалчилдаг ард түмэн билээ. Цайны дээжээ өргөх нь бэлгэдэл юм байж. Гагцхүү өөрийн биш хүний юмыг бохируулан, эзэн хүмүүсийн уур уцаарыг хөдөлгөж занал зүхэл үүсгэх нь яавч зөв үйлдэл биш. Сайтар тунгаавал нүгэл буйзаа.

Б.ЕРЭНТЭЙ
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж