Хорих ангийн эмч нар сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Хорих ангийн эмч нар сургалтад хамрагдаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгээс харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй, зөвлөмжөөр ханган ажиллах ажлын хүрээнд эмч эмнэлгийн ажилтнуудын нэгдсэн сургалт зохион байгуулж байна.

Өчигдөр эхэлсэн сургалт нь эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцуулах зорилготой юм. Мөн энэ сургалтад хамрагдсанаар нэг жилийн кредит авах боломжтой ажээ..

Хичээл сургалтыг Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, хурандаа К.Анаргүл, Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ц.Ганбат, Анагаахын шинжлэх ухааны доктор, академич Б.Цэрэндаш, “Эрүүл мэндийн эрх зүйн төв” ТББ-ын тэргүүн, эмч Э.Ганбат, Хорих 401 дүгээр ангийн их эмч, ахлах дэслэгч Г.Ганцэцэг, Эм зүйч, дэслэгч Ж.Даваажав, Хорих 401 дүгээр анги, хошууч Б.Туул нар заан явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хоригдогсдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар сүүлийн жилүүдэд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ оны 2 дугаар улиралд Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгээс урьдчилан сэргийлэх үзлэгийг хорих ангиудад ял эдэлж буй бүх хүмүүжигчдийн дунд явуулсан нь үр дүнгээ өгч байна. Энэхүү үзлэг нь хүмүүжигчдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, арга замыг тодорхойлсноос гадна, анхан шатны эмнэлгүүдийн үйл ажиллагаа, эмч, ажилтнуудын мэдлэг чадварт үнэлэлт, дүгнэлт өгч, стандарт боловсруулах, цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чухал ач холбогдолтой ажил болжээ.

Дээрх үзлэг, судалгаанд үндэслэн Нэгдсэн эмнэлгээс эмч нарын баг гарч, нэгдсэн эмнэлэг, анхан шатны болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн үйл ажиллагааны стандартуудыг богино хугацаанд боловсруулж, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдах гарын авлага боловсруулан гаргасан. Ингэснээр  системийн хэмжээн дэх нийт эмнэлгүүд эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах, тусламж үйлчилгээг үзүүлэх, эмч, мэргэжилтний мэдлэг, чадвар дээшлэх, улмаар хоригдогсдын өвчнийг эрт оношлох, эмчлэх, гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн энэ онд багтаан сувилагч, эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ч.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж