
Олон хит дуугаараа дэлхийн хөгжмийн ертөнцийг эзэгнэсэн Америкийн алдарт Black Eyed Peas хамтлагийн дуучин Fergie гладиатор маягийн хувцастай тайзнаа гарч, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтыг үзэхээр цугласан мянга мянган үзэгчдийг баясгажээ. Алтлаг болон мөнгөлөг өнгө хосолсон, гялтганасан үнэт чулуугаар чимэглэсэн богино хослолтой тайзнаа гарсан дуучин бүсгүй Өмнөд Африкийн Совето хотын “Орландо” цэнгэлдэхэд хамтлагийнхнаа хамт дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг эхлүүлсэн байна. Тус хамтлагийн дуучин Will.i.Am мөн мөнгөлөг өнгийн багаар нүүрээ халхалсан байжээ. Хэдийгээр гадаа сэрүүн байсан ч үзэгчид хүйтнийг үл ажран Black Eyed Peas, Shakira, Alicia Keys нарын тоглолтыг үзэхээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэхийг битүү дүүргэсэн байв.
Тоглолтыг нээж, Black Eyed Peas хамтлаг “Where is the love” дуугаа дуулсан бол Колумбын дуучин Shakira тоглолтыг хааж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны дуулал болох Waka Waka дууг тайзнаа амилуулсан байна. Мөн тэднээс гадна Amadou & Mariam, John Legend, Alicia Keys, Angelique Kidjo, Vusi Mahlasela нарын одод ая дуугаар өргөжээ.
Дэлхийн аваргын түүхэнд анх удаагаа энэ хэмжээний урлагийн тоглолт зохион байгуулсан нь энэ байлаа.
С.Цэлмэг