Төгөлдөржүүлсэн өрийн мод

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Төгөлдөржүүлсэн өрийн мод

Сангийн сайд Ч.Улаан Оюутолгойн урьдчилгаа төлбөрт авсан 250 сая ам.долларыг эргүүлэн төлөхөөр 2014 оны төсөвт тусгасан талаар пал хийтэл мэдэгдлээ. Энэ мөнгө зээл байсан төдийгүй хүү нь л гэхэд 27 саяд хүрчээ. Гэтэл энэ мөнгийг “Рио Тинто”-гийнхон орд ашигласныхаа урьдчилгаа төлбөр болгож авсан талаар тайлбарлаж, малийтлаа инээж, хариуцлага ярьж байсан албан тушаалтнууд одоо ажлаа өгсөн. Тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө гэрээ байгуулсан нь өдөр ирэх тусам нотлогдож байна. Эдийн засгийн тооцоогүйгээр иргэдэд мөнгө амласан. Амласнаа биелүүлэхийн тулд улсаар нь өрөнд унагаж, мөнгө тараасан. Үр дүнд нь одоогийн Засаг өрийг нь барагдуулах тухай ярьж эхэллээ.  Үнэндээ тухайн үед энэ мөнгийг зээл гэж хэлж байсангүй. Харин ч эсэргээрээ Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”  компанитай гэрээ байгуулахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцсон. Манай улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдаас нийтдээ 250 сая  ам.долларын урьдчилгаа төлбөр авч байгаа гээд л жигтэйхэн рекламдаад байсан нөхөд үнэндээ өрөнд унагачихаж. Ингэхдээ 2009 оноос эхлэн 100, 50 саяар ам.доллар гэхчлэн цувуулан авсаар нийт 250 сая ам.долларыг авчээ. Ерөнхий сайд асан С.Баяр “Өнөөгийн нөх­цөлд хөрөнгө оруулагч­тай тохирч болох цаад хязгаарт нь зад тулгасан л гэрээ болсон. Үүнээс илүү удсан бол гэрээний нөхцөл бидний хувьд дор­доно гэхээс дээрдэнэ гэж байхгүй” гэж чухалчилж байлаа. Гэтэл Оюутолгойг бид тавиад туучихсаан гэдгийг өдөр ирэх тусам баталгаажуулаад байх шиг, ордоо ашиглуулсныхаа төлөө хэдхэн монголыг л ажилтай болгож, өөрсдөө өрөнд оржээ.

Оюутолгойн гэрээг баталсан тэр жил энэ гэрээтэй холбоотой албан тушаалтнуудын орлого суга өсч байсныг ч бид эргэн нэг санах хэрэгтэй. Ерөнхий сайд асан С.Баярын орлого 2008 онд таван сая 368,2 мянган төгрөг байсан бол 2009 онд 109 сая 195 мянган төгрөг болж ойролцоогоор 20 дахин өссөн байдаг. Дээр нь хадгаламжийн дансанд нь 2008 онд 94 сая 606 мянган төгрөг байсан бол 2009 онд 156 сая 33 мянган төгрөг болж өссөн. Харин Оюутолгойн гэрээг гардан хийсэн “Нидо” ХХК-ийг эзэмшдэг, УИХ-ын гишүүн, тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтын орлого 2008 онд 249 сая 866,5 мянган төгрөг байсан бол 661 сая 966,79 мянган төгрөг болж, гурав дахин шахам өссөн. Гэтэл энэ үеэр гэр бүлийнх нь орлого буурч, түүний эзэмшлийн компанийн хөрөнгө ч илт буурчээ. Тодруулбал, 2008 онд 986 сая 564,8 мянган төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол 2009 онд хоёр сая төгрөг болтлоо буурчээ. Тэгсэн хэрнээ орлого нь өсөөд байдаг нь хачирхалтай. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхийн орлого 2008 онд 50 сая 814,1 мянган төгрөг байсан бол 378 сая 504,33 мянган төгрөг буюу жилийн хугацаанд долоо дахин өсөв. Дэлхий даяараа эдийн засгийн уналтад ороод байсан тэр цагт албан тушаалтнуудын орлого нэмэгдсэн нь хачирхалтай шүү.

Тухайн цаг хугацаанд С.Баяр “Энэ гэрээг би толгойгоороо хариуцна” гэж олонтаа хэлэхийг бид сонссон. Одоо тэр хаана байна вэ?! Хариуцлага хүлээх нь битгий хэл үзэгдэж харагдахаа ч байсан.  Харин монголчууд өмнөх Засгийн тавьсан өр буюу Оюутолгойгоос авсан 250 сая ам.доллар, Тавантолгойн 350 сая ам.доллар, Эрдэнэтийн 200 сая ам.долларыг барагдуулах хүнд ялд унажээ. Ингэж эдийн засгийг төгөлдөршүүлэхээр эхлүүлсэн С.Баярын бодлого иргэддээ мөнгө тараахаар үргэлжилж, малаа бус иргэнээ тоолохоор цаашилж, эцэст нь монголчуудыг өрөнд унагах төгөлдөршил болон хувирчээ. Дан Оюутолгой ч биш Тавантолгойгоос авсан мөнгийг иргэддээ увуулж цувуулан тарааж салхинд хийсгэсэн. Одоо бүгдээрээ л хуваагаад идээ биз дээ гэж тавлах байх л даа. 

С.Баярын дараа Сү.Батболд Ерөнхий сайд болоод учир зүггүй цэцэглэсэн мод гаргаж ирсэн. Хөгжлийн мод нэртэй. Бас л баахан бурсан. Гэтэл үнэндээ тэр мод нь хөгжлөөр цэцэглэсэнгүй. Өрийн бичгээр нахиалав.

Оюутолгой гэрээг үзэглэснээр арабын шейхүүд шиг баян чинээлэг болно гэх өдрийн бодол, шөнийн зүүд өнгөрчээ. Бид нүүрсээ зах зээлийн үнээс хэт доогуур өртөгтэйгээр нийлүүлж, “Чалко”-гийн өрийг барагдуулж байгаа. Дээр нь ирэх жилээс Оюутолгойгоос авсан урьдчилгаа төлбөрөө хүүтэйгээр нь буцааж өгөх  гэж мунгинана. Тэдгээр өрнүүд дууссан ч тэнгэрт тулсан гадаад өр хүлээж суугаа. Дарахын тулд дахиад зүтгэнэ. Ингэхдээ зээл авах хэрэг гарна. Зээлсэн зээлээ эргүүлж төлнө. Ингэхийн тулд бонд гаргана. Бондынхоо өрийг бас төлнө. Ингээд бодохоор энэ ордуудыг ашиглалтад оруулаагүй бол монголчууд өрөнд унахгүй байсан юм биш үү гэх гэнэн бодолт эрхгүй төрнө. Юуг төгөлдөржүүлж, юун мод яриад байсан эрх баригчид юм, бүү мэд. Төгөлдөржүүлсэн өрийн мод уу?

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж