Х.Уламбаяр удахгүй мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Х.Уламбаяр удахгүй мэдээлнэ

“Eagle news” телевизийн олон улсын тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нар Сири улсаас сурвалжлага хийхээр мордсон. Үзэгч, уншигч олон тэднийг ажлаа амжилттай бүтээгээд эх орондоо ирж, халуун цэгээс хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагаа хийхийг хүлээж байсан. Гэвч Х.Уламбаяр, А.Билгүүн нар эх орондоо ирээд нэлээд хэд хонож байгаа ч үзэгчдийн хүлээж байсанчлан дэлгэрэнгүй сурвалжлага гараагүй. Мөн Сирид очоод байгаа талаараа богино мэдээлэл хүргэж байсан сэтгүүлч Х.Уламбаярын Facebook хуудас хаагдаад олон хонож байгаа нь хүмүүсийн гайхашралыг төрүүлж байна. Мөн Х.Уламбаяр, А.Билгүүн нарыг ажлаасаа халагдсан гэсэн мэдээлэл тархжээ.

Бид сэтгүүлч Х.Уламбаяртай өөртэй нь холбогдоход  нутагтаа ирэнгүүт таагүй мэдээллүүд угтсан гэснийг үгүйсгэсэнгүй. Түүнийг ажлаа гурваас дээш хоногоор шалтгаангүйгээр тасалсан, байгууллагын эд зүйл, техникийг зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдаас авлига авахыг оролдсон гэсэн гурван шалтгаанаар ажлаас халах шийдвэр гарсан байсан гэж өөрөө хэллээ. Авлига гэдэг нь Сири рүү сурвалжлаганд явна гэж зарласны дараа хүмүүс хандив өргөе гэсэн хүсэлт гаргаж байсныг хэлсэн бололтой. Х.Уламбаярын хувьд явсан хийсэн ажлынхаа тайлан, бусдаас авсан тусламжаа дэлгэрэнгүй тайлбарлахад бэлэн байгаа аж. Гэхдээ одоогоор асуудлыг тэгтэл их дэвэргэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Мөн Сирид авсан бичлэгүүдээ нэгтгэж аль нэг сувгаар үзэгчдэд хүргэх боломж гарах байх гэж найдаж байгаа гэнэ. Одоогоор түүнд зарим нэг телевизээр бичлэг, нэвтрүүлгийг нь гаргах санал тавьсан ч хараахан шийдвэр гаргаагүй байгаа аж.
Нөгөө талаас дайны байдалд байгаа улс руу зөвшөөрөл, хамгаалалтгүй сэтгүүлч явуулсан гэсэн гадаад харилцаатай холбоотой асуудал ч үүссэн бололтой. Facebook хуудсаа хаасан нь ч үүнтэй холбоотой юм байна. Тэрээр “Ямар ч гэсэн зорьсондоо хүрээд ирлээ. Надад хүмүүсээс нууж хааж, айж ичих зүйл байхгүй. Тийм ч учраас өнөөдөр би Улаанбаатарынхаа гудамжаар алхаад л явж байна. Тэр хүнд нөхцөлд яваад ирсэн, бас дээрээс нь Монголд угтсан нөхцөл байдлаас бага ч гэсэн сатаарах, тайвшрахыг хичээж байна. Мэдээж хэрэг бид хоёр ямар ч гэсэн нутагтаа очоод дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэнэ гэж амласан ёсоор нэвтрүүлгээ хүргэх болно, хангалттай бичлэг, зураг бий” гэлээ.

А.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж