Утаатай машиныг жагсаалаас гаргана

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Утаатай машиныг жагсаалаас гаргана

Утаа ихээр ялгаруулж буй автомашиныг замын хөдөлгөөнөөс бүрмөсөн хасах тухай шинэ журам өчигдрөөс нийслэлд хэрэгжиж эхэллээ. Жилийн жилд хүйтний улирал айсуйтай зэрэгцэн утаа, агаарын бохирдлын асуудал хурцаар яригддаг. Улиг болтол ярьж, бичиж байгаа ч олигтой арга хэмжээ авч, дорвитой үр дүнд хүрсэн нь үгүй. Нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлс нь гэр хорооллын болоод автомашины ялгаруулж буй хорт утаа. Гэр хорооллын айл өрхийн яндангаас суунаглах утааг бууруулах чиглэлээр шат дараатай тэмцэж, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийг ч жил бүр оношилгоонд оруулж, утаа ялгаруулах хэмжээг тогтоож, татвар авах, эргээд тэрхүү татварын мөнгийг агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах байдлаар асуудлыг зохицуулах гэж оролддог байлаа. Харин энэ жилээс өөр шинэ журам баримтлахаар болжээ. Тодруулбал, Зам, тээврийн яам, Нийслэлийн замын цагдаагийн газар, Агаарын чанарын алба, Авто тээврийн үндэсний төвийнхөн хамтарч, хорт утаа ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгслийг нийслэлийн замын хөдөлгөөнд огт оролцуулахгүй байхаар шийджээ. Үүний тулд утаа гаргах хэмжээг тогтоогч явуулын аппараттай гурван машин нийслэлийн замаар явж, газар дээр нь шалгалт хийх юм. Энэ төрлийн тээврийн үзлэгийн оношилгоог жилдээ нэг удаа хийдэг ч хангалтгүй, учир нь тээврийн хэрэгслүүдийг урьдчилан бэлтгэдэг, үзлэгийн явцад автомашиныг унтрааж, моторын ачаалалгүй үед шалгадаг учир үнэн бодит дүн гардаггүй зэрэг сул талтай аж. Тиймээс утаа гаргалтыг хэмжих шалгалтыг нийслэлийн замд гэнэтээр, гэхдээ тогтмол хийж байхаар болсон байна. Одоогийн байдлаар энэ шалгалтыг хийх шаардлагатай төхөөрөмжөөр тоноглогдсон гурван машин явах бөгөөд цаашдаа орон нутагт ажиллуулж буй машинаас нийслэлд дайчилж, 10 болгох тухай албаныхан хэлж байна.

Гэнэтийн шалгалтыг эхний ээлжинд дээр дурдсан газруудаас томилогдсон албаныхан хийх бол цаашдаа замын цагдаа нар энэ ажлыг хүлээж авах гэнэ. Шалгалтын төхөөрөмж нь авто бензин болон дизель хөдөлгүүртэй машины аль алиныг оношилж, утаа ялгаруулалтын байж болох хэмжээнээс давсан эсэхийг электроноор илэрхийлдэг. Ингэхдээ авто бензинээр явдаг машины утаа ялгаруулалтыг  “OPUS-40”, дизелийг “OPUS-50” гэх багажаар хэмжих юм байна.

Утаа их гаргадаг машиныг яах вэ?

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг дээрх журмыг хэрэгжүүлэхийн тулд чанга арга хэмжээ авна гэдгээ хэлж байна. Утаа ялгаруулалт их байгаа автомашиныг шууд зогсоож, улсын дугаарыг нь хурааж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэнэ. Хэрэв эхний удаад улсын дугаараа хураалгаж, дахин замын хөдөлгөөнд оролцож, удаа дараа зөрчил гаргавал машиныг журмын хашаанд аваачих, жолоочид мөнгөн торгууль ногдуулах хүртэл арга хэмжээ авах юм байна. Утаа ихээр гаргадаг машины хувьд түлшний аппаратур, порсунк, агаар шүүгч, сэвчээ зэрэг нь асуудалтай болсноос үүдэлтэй бөгөөд эд ангиа засч, утаа хаяхгүй болсон цагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой ажээ.

Түүнчлэн улсын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй автомашин замын хөдөлгөөнд оролцвол 60 мянган төгрөгөөр торгож байгааг цагдаагийнхан сануулж байна. Үндсэндээ таны машин утаа их хаядаг л бол замын хөдөлгөөнд машинаа засуулах, солихоос нааш оролцох эрхгүй болж байгаа юм.

Сайныг нь урамшуулъя

Нэгэнт утаа их гаргадаг муу машиныг хориглож байгаа тул эсрэгээрээ сайныг нь урамшуулах нь шударга тогтолцоо болов уу. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шаардлагад нийцсэн аюулгүй тээврийн хэрэгслийг ашиглаж буй жолоочийг урамшуулах тогтолцоо хэрэгтэйг зарим жолооч нар хэлсэн юм. Тухайлбал, журмын дагуу  замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолоочийн төлөх хураамж, шимтгэл, татварыг хөнгөлөх байдлаар дэмжвэл жолооч нарын хувьд ч гэсэн утааг хэвийн хэмжээнд гаргадаг, стандартын шаардлага хангасан автомашин унах сонирхол ч нэмэгдэнэ биз.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж