Гэнэтийн шалгалтыг эхний ээлжинд дээр дурдсан газруудаас томилогдсон албаныхан хийх бол цаашдаа замын цагдаа нар энэ ажлыг хүлээж авах гэнэ. Шалгалтын төхөөрөмж нь авто бензин болон дизель хөдөлгүүртэй машины аль алиныг оношилж, утаа ялгаруулалтын байж болох хэмжээнээс давсан эсэхийг электроноор илэрхийлдэг. Ингэхдээ авто бензинээр явдаг машины утаа ялгаруулалтыг “OPUS-40”, дизелийг “OPUS-50” гэх багажаар хэмжих юм байна.
Утаа их гаргадаг машиныг яах вэ?
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг дээрх журмыг хэрэгжүүлэхийн тулд чанга арга хэмжээ авна гэдгээ хэлж байна. Утаа ялгаруулалт их байгаа автомашиныг шууд зогсоож, улсын дугаарыг нь хурааж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэнэ. Хэрэв эхний удаад улсын дугаараа хураалгаж, дахин замын хөдөлгөөнд оролцож, удаа дараа зөрчил гаргавал машиныг журмын хашаанд аваачих, жолоочид мөнгөн торгууль ногдуулах хүртэл арга хэмжээ авах юм байна. Утаа ихээр гаргадаг машины хувьд түлшний аппаратур, порсунк, агаар шүүгч, сэвчээ зэрэг нь асуудалтай болсноос үүдэлтэй бөгөөд эд ангиа засч, утаа хаяхгүй болсон цагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой ажээ.
Түүнчлэн улсын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй автомашин замын хөдөлгөөнд оролцвол 60 мянган төгрөгөөр торгож байгааг цагдаагийнхан сануулж байна. Үндсэндээ таны машин утаа их хаядаг л бол замын хөдөлгөөнд машинаа засуулах, солихоос нааш оролцох эрхгүй болж байгаа юм.
Сайныг нь урамшуулъя
Нэгэнт утаа их гаргадаг муу машиныг хориглож байгаа тул эсрэгээрээ сайныг нь урамшуулах нь шударга тогтолцоо болов уу. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шаардлагад нийцсэн аюулгүй тээврийн хэрэгслийг ашиглаж буй жолоочийг урамшуулах тогтолцоо хэрэгтэйг зарим жолооч нар хэлсэн юм. Тухайлбал, журмын дагуу замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолоочийн төлөх хураамж, шимтгэл, татварыг хөнгөлөх байдлаар дэмжвэл жолооч нарын хувьд ч гэсэн утааг хэвийн хэмжээнд гаргадаг, стандартын шаардлага хангасан автомашин унах сонирхол ч нэмэгдэнэ биз.