Б.Баяр найруулагч шинэ бүтээлээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Б.Баяр найруулагч шинэ бүтээлээ дэлгэлээ

“Тататунга”, “АХА” нэвтрүүлгээрээ олны танил болсон “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр “Рашаан хад” ээлжит уран бүтээлээ өчигдөр үзэгчдэд өргөн барилаа.

Монгол ахуй, зан заншил, түүх соёлыг мөнхөлсөн олон сайхан бүтээл туурвисан уран бүтээлч маань энэ удаа Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Рашаан хад нь Монголын түүх, соёлын хосгүй ховор дурсгал болохыг өгүүлжээ. Рашаан хадан дээр сийлэн эртний амьтдын дүрс, түрэг, уйгур, дөрвөлжин, манж зэрэг зургаан үсгээр үлдээсэн бичээсүүд, мөн тамга тэмдэг нь монголчуудын түүх соёлын гайхамшигт өв юм. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан тамга тэмдэг нь яван явсаар бичиг үсэг болсон гэсэн монгол, орос, болгар эрдэмтдийн байр суурийг харуулжээ.

Б.Баяр “Энэ кино маань уг нь арай богино байж, эрт дуусах байсан юм. Гэвч киног хийх явцад Рашаан хадны түүхэн дурсгалтай холбоотой шинэ шинэ эх сурвалж гарч ирэн, тэр бүхнийг багтаахаас өөр аргагүй болсон” хэмээн нээлтийнхээ үеэр ярьсан.

Кинонд ОХУ-ын Якут, Болгар, Унгар, Швед зэрэг орон байгаа тамгатай холбоотой түүхэн дурсгалуудын талаар очиж сурвалжилсан сонирхолтой баримт, ярианууд багтжээ.

Д.НАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж