Ц.Намсрайн нэрэмжит шагналыг Х.Цэвлээ, С.Батбаатар нар гардлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Ц.Намсрайн нэрэмжит шагналыг Х.Цэвлээ, С.Батбаатар нар гардлаа

Монголд тогтмол хэвлэл үүсч хөгжсөний 97 жилийн ойн босгон дээр МСНЭ-ээс нэгэн нэр хүндтэй шагналыг Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч  Х.Цэвлээ, "Өнөөдөр" сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар нарт өчигдөр гардууллаа. Монголын нэрт соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, дуун хөрвүүлэгч Цэндийн Намсрай агсны мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа тул түүний хань, төрийн шагналт, ардын жүжигчин Л.Цогзолмаа болон түүний үр хүүхдүүд МСНЭ-тэй хамтран эл шагналыг санаачлан энэ жилээс олгож байхаар болсон байна. Ц.Намсрай агсан Монголын сэтгүүл зүйн түүхэнд хүндтэй байр суурийг эзэлдэг бөгөөд "Үнэн" сонин болон Монголын сэтгүүлчдийн байгууллагыг олон жил удирдаж байсан манай нэртэй сэтгүүлч, соён гэгээрүүлэгч билээ. Энэхүү шагналын нэг онцлог нь сонин хэвлэлийн арын фронтод ачааны хүндийг үүрч байдаг, сонинг алдаа мадаггүй үнэн зөв гарахад хамгийн их үүрэг хүлээдэг хүмүүс болох редактор, сонины эрхлэгч нарт олгож байх юм.  Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ "Нобелийн шагналыг авахад мөнгө бодогддог бол  Намсрайн шагналыг авахад нэр хүнд бодогддог юм байна. Намсрай гуай бол "Үнэн" сониныг 22 жил толгойлсон хүн.Тэр үеийн "Үнэн" сонин 180 гаруй мянган уншигчтай байлаа. Намсрай гуай Монголын сэтгүүлчдийн байгууллагыг чухамдаа хөл дээр нь босгосон. Энэ байгууллагыг 20 жил удирдсан. Тийм учраас энэ шагнал бол алдар хүндийн шагнал байх ёстой. Би маш их баярлаж байна. Сэтгүүлч гэдэг бол тэнгэрээс заяатай алба. Аягатай цайгаа барьж чадахгүй гар нь салгалж байсан ч, алхаж чадахгүй таяг тулж байсан ч үзэг цаас хоёртойгоо зууралдаж байгаад энэ хорвоог дуусгадаг юм. Энэ албанд, энэ сайхан мэргэжилд намайг татаж оруулсан хүн бол Намсрай гуай байсныг энд цохон тэмдэглэе. Ингээд бурхны сэтгэлтэй, бурхны төлөөлөгч Ц.Намсрайн үйл хэрэг улам өргөжин тэлж, цааш цаашдаа өвлөн удамшиж байхын ерөөл дэвшүүлье" хэмээн өгүүлж байлаа.

"Өнөөдөр" сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар "Энэ эрхэм  шагналыг хүртсэндээ ихээхэн бэлгэшээж байна. Би угсаа гарвалаа дурдах юм бол Баянхонгор аймгийн Заг сумын хүн. Цэндийн Намсрай гуай бас энэ сумын хүн гэдгийг мэднэ. Бичиг үсэг тайлагдсан цагаасаа эхлээд сурвалжлагч болох юмсан гэсэн мөрөөдөлд автаж явахад "Үнэн" сонины ерөнхий эрхлэгч Ц.Намсрай гэдэг хүн холын холд байсан. Өнөөдөр надтай ханьсаж, миний энгэр дээр заларч байгаад бэлгэшээж байна. Бас Монголын орчин цагийн сэтгүүл зүйн нэрт  төлөөлөгч, Монголын нэрт сэтгүүлч, миний эрхэм хүндэт ах Хорлоогийн Цэвлээ гуайтай хамт энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Монголын нэрт соён гэгээрүүлэгч, нэрт сэтгүүлч, дуун хөрвүүлэгч Цэндийн Намсрайн  буян хишиг бидэнд орших болтугай " гэлээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж