Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

“Зайсангийн “Оргил”-д маргаашийн өндөг түрүүлээд иржээ, бүр Оросоос шүү” гэх жиргээ өчигдрийн жиргээний нэгэн онцлох сэдэв байлаа. 2013.10.07 гэсэн тэмдэглэл бүхий савлагаатай өндөг 2013 оны аравдугаар сарын 6-ны өдөр худалдаанд гарсан бололтой. Ингээд энэ зургийн учрыг олчих зорилготой үгс твиттер ертөнцөд хөвөрч эхлэв. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан нөхөр “Аймаар юм. Чи зураг тавих биш Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхныг газар дээр нь дуудаж түргэн авахгvй дээ. Нэг нөхөр “хариуцлага" алдаад нээлт хийсэн байна” гэж жиргэв. Мөн араас нь “Яах вэ дээ, хөө. Жиргээд өнгөрөх биш эрүүл мэндийн асуудал шүү. Хүнсийг аюултайгаар хуурч байгаа нөхөдтэй асуудал яриасай” гэж дэмнэж өгөв.  Энэ мэтчилэнгээр зургийг цааш цааш нь дамжуулсаар хэдэн мянгаад хүнд харуулаад орхив. Магадгүй өндрөө авч буй энэхүү “ирээдүйгээс ирсэн өндөг”-ний талаар худалдааныхан өнөөдөр тайлбар өгөх байх.   

Мөн өчигдрийг жиргээний өөр нэн сэдэв МАН-ын их хуралд орох гэж буй төлөөлөгчдийн хурлын хов жив байлаа. “МАН-ын их хурал болох гээд МАН-ын гишүүд твиттерт идэвхтэй орж ирж байх чинь” гэх жиргээний араас анхан шатны байгууллагуудын сонгуулийн талаар хов жив орж ирэв. “МАН-ын үүрийн хуралд мөнгө тарааж, тооллогын комисс дvнг будилуулав. Хяналтын тооллого хийж луйврыг илрүүлэв. Хяналтын хороо шударга шийдэв” “Чингэлтэйд Ерөнхий аудитор асан Л.Жавзмаа унаж, нийслэлийн ЭМГ-ын дарга асан Ц.Ганхүү хөөгджээ” “Чингэлтэйн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ иргэдэд шивэртэй оймс тарааж байна” гэх мэтээр үргэлжлэв.

Жиргээг шүүрч аваад мэдээ болгочихдог нь ч энэ боломжийг юу гэж алдах вэ. Оймс тараасан жижигхэн үгнээс өмнөх түүхийг нь уудлан “…тэрбээр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга болмогцоо төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулж, үнэтэй машин худалдан авч унасан, өрөөнийхөө засварыг өөрийн дураар хийлгэж, өндөр үнэтэй тавилга авсан гэх зэрэг шүүмжлэлд өртөж, одоо Чингэлтэйн ИТХ-ын даргын суудал нь дэнжигнэж байгаа нэгэн. Тус дүүргийн намын хорооны зарим гишүүн түүнийг намын Их хуралд суух эрхгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэвч мань эр ямар ч аргаар хамаагүй намын Их хурлын төлөөлөгчөөр сонгогдох гэж улайрч байгаа нь иргэдийг эргэлзэхэд хүргэж байгаа аж” гээд л биччихэж.

Ийнхүү нэг нөхөр оймс тарааж, нөгөө нэг хэсэг нь ирээдүйн өндөгний учрыг олчих санаатай үг бодлоо уралдууллаа.

Өдөр бүрийн жиргээнд бухимдал, шүүмжлэл жин дардаг шиг энэ нэг өдрийнх ч мөн адил байлаа. Тэр олон шүүмжийг энд бичээд яах вэ, ганцыг нь онцлоод өндөрлөе. “УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүд, түүний гэр бүлд сард 450-750 мянган төгрөгийг яагаад эмний үнэ гэж цалин дээрээс нь нэмж өгч байгаа юм бэ”.

Тоймлосон: ЦАХИМ БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж