Дарья Ткаченко: Дандаа хожих албагүй

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Дарья Ткаченко: Дандаа хожих албагүй

Дарья Ткаченко: Ялагдашгүй байхын тулд дандаа хожих албагүй
Даамын дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнээс хойш дэлхийн аварга цолонд долоон тамирчин хүрсэн байдаг. Тэдний нэг, Украин улсын даамчин Дарья Ткаченко 2005, 2006, 2008, 2011 оны ДАШТ-д түрүүлсэн. Тэрээр манай оронд зохиогдож буй эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнд оролцож байна. ДАШТ-ий отгон аварга, даамын их мастер Дарья Ткаченкотой ярилцлаа.
 
-Та тэмцээний салхийг тун амжилттай хагалж, эхний оролцсон төрөлдөө аваргаллаа. Тоглолтын хугацааны нийлбэр үзүүлэлт чинь харьцангуй бага байна лээ. Таны бэлтгэл сайн хангагдсан бололтой?

-Би тэмцээний эхний өдөр түргэн тоглолтын төрөлд аваргалсан. Гэвч дараа нь блиц өрөгтөө дийлдэж хүрэл медаль дээр буулаа. Тиймээс баярлахад эрт байна. Гараагаа амжилттай эхэллээ гээд анхаарал алдах нь эрсдэлтэй байж мэдэх юм. Түргэн тоглолтын алтан медалийг миний гол өрсөлдөгчид надад сул тавьж өгсөн байхыг үгүйсгэх аргагүй. Ялагдлыг хурдан мартах хэрэгтэй, харин ялалтыг бүр хурдан мартах хэрэгтэй гэсэн үг бий. Энэ тэмцээний хамгийн сонирхолтой төрөл буюу стандарт тавилд аль улсын даамчин бэлтгэл сайн хийснийг олж мэдэх боломжтой. Нэг үгээр хэлбэл тамирчид даамын стандарт төрөлд өөрт буй оюуны хүч, бэлдсэн тактикаа гаргадаг.

-Даамыг оюуны спортын цусгүй тулаан гэх нь бий. Та шигшээд шалгарвал таньтай аль улсын тамирчин үлдвэл хожих магадлал өндөр байх вэ?

-Хожигдол нь даамчин хүн бүрт тааламжгүй хэрэг. Ялагдашгүй байхын тулд дандаа хожих албагүй, хэзээ ч бууж өгөхгүй байхад л хангалттай. Би 2005 оны ДАШТ-д анхны түрүүгээ авч байлаа. Үүнээс хойш гурван түрүү авахдаа амар өрсөлдөгчийг олж хараагүй. Энэ удаагийн тэмцээн ч ялгаагүй. Бүх өрсөлдөгч хүчтэй гэдгийг дахин онцолмоор байна. Гэхдээ та асуусан болохоор би хариулья. Би халз тулаанд шалгарч үлдвэл надтай өмнө нь тоглосон их мастерууд таарвал зүгээр байна.

-Яагаад тэр вэ?

-Учир нь би дэлхийн шилдэг тоглогч нарын ихэнхтэй нь өрөөд үзчихсэн. Тэдний довтолгоо, тактик, заль гээд судлаагүй зүйл надад байхгүй.

-Та бага насандаа аль хэр сурлагатай хүүхэд байв?

-Би даамын спортод 10 настайдаа орсон. Манай гэр бүлийнхэн намайг даам тоглохыг төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй байсан. Намайг хичээл номноосоо хөндийрөх вий гэж бодсондоо тэр биз. Би ямар сайндаа даам тоглохын тулд гэрийн даалгавраа түргэн хийж дуусгадаг байхав. Нар жаргахтай уралдан гэрийн даалгавараа хийчихээд ээждээ үтэр түргэн шалгуулна шүү дээ. Ингээд сая нэг даам тоглох эрхтэй болно. 10-хан настай бяцхан охин даамаа тэврээд өвлийн хүйтнийг ч ажрахгүйгээр хөрш ах эгч нартай тоглохыг шална. Тэд намайг хожиход урам өгч чихэр тэргүүтнээр мялаана. Би хожлын анхны амтыг эндээс л мэдэрсэн. Цагийг нь олж урам өгч чадвал гольдрол нь зөв байдаг. Намайг онц сурлагатан болоход даамын спорт нөлөөлсөн. Тиймээс би хоёр хүүхэддээ даамын спортоор хичээллэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлнэ.

-Та даамын спортоор 11-хэн жил хичээллээд дэлхийн аварга болчихсон хэрэг үү?

-2005 онд Италид зохиогдсон ДАШТ-нд анхны түрүүгээ хүртэж, 2006, 2008 онд алдарт даамчин Тансыккужинаг буулган авсан. Улмаар 2011 оны ДАШТ-нд даамын спортын хаан гэгдэх алдарт Голубеваг халз тоглолтонд дийлж дархан цолоо мандуулсан.

– Зоя Голубеватай хийсэн халз өргийн тань тухай домог мэт яриа одоо ч хуучраагүй?

-Тэр үед би 21 настай байсан. Халз тоглолтын арвин туршлагатай Зоя Голубеваг ялна гэж ер бодоогүй. Гэхдээ бас сандраагүй. Ширүүхэн өрсөлдөөн гарах нь ч гарсан. Гэхдээ би өнгөрсөн тэмцээний талаар дурсахыг хүсэхгүй байна.

-Таны анхны багшийг хэн гэдэг вэ?

-Артур Павлович Кравец. Түүний спортын талбарт гаргасан амжилт нь нимгэн боловч хэмжихийн аргагүй арвин туршлагатай дасгалжуулагч. Багшийн маань шавь, даамын залуучуудын дэлхийн аварга Пистунова гэж бас мундаг тамирчин эмэгтэй бий. Бас би байна. /инээв/

-Монголын даамчдын талаар та юу хэлэх вэ?

-Танай даамчид гараагаа тун аятайхан эхлүүллээ. Одоогоор би тэдэнтэй таараагүй л байна. Харж л байя. Тэгээд тоглосныхоо дараа тэдний талаарх дүгнэлтээ танд хэлж өгье.

-Дэлхийн шилдэг даамчид тусгай бэлтгэл хангагчтай байдаг. Таны бэлтгэл хангагчаар хэн ажилладаг вэ?

-Би энэ тэмцээнд оролцохын өмнө “Дэлхийн цом”-д өрсөлдсөн. Тиймээс бэлтгэл хийх шаардлага энэ удаад гараагүй. Бэлтгэл хангагчийнхаа нэрийг хэлэхгүй байж болох уу. Би түүний нэрийг зарлахыг хүсэхгүй байна. Тэр ч бас өөрийгөө нууцалдаг. Шилдэг бэлтгэл хангагч нарын төлбөр нь үнэтэй. Тэдэнтэй гэрээ байгуулахын тулд их хөөцөлдөх шаардлагатай. Би одоогоор дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж байгаа болохоор сайн бэлтгэл хангагч олохын тулд цагаа үрэх шаардлагагүй. 

-Танд спортын өндөр амжилт хүсъе. Дэлхийн аваргын алтан медалиа нэгээр нэмэх болтугай. 

-Баярлалаа.

Д.ЖАВХЛАН

Даамын дэлхийн аваргууд:

1. Елана Михайловская /ЗХУ/ 1973, 1974, 1975, 1976, 1977

2. Людмила Сохнеко /ЗХУ/ 1979

3. Елана Альтшуль /ЗХУ/ 1980, 1982, 1983, 1984, 1985,

4. Ольга Левина  /ЗХУ-Израил/ 1981, 1987, 1989, 1993

5. Зоя Голубева  /ЗХУ-Латви/ 1986, 1988, 1990, 1991, 1992, 1994, 1995, 1996, 1997, 1999, 2000, 2010

6. Тамара Тансыккужина  /ОХУ/ 2001, 2002, 2004, 2007, 2011

7. Олга Камышлеева /Голланд/ 2003

8.  Дарья Ткаченко  /Украин/ 2005, 2006, 2008, 2011

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж