&#34Мэргэжлийн дүрэм хардлагаас хамгаална&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

&#34Мэргэжлийн дүрэм хардлагаас хамгаална&#34

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хуралдсан Хуульчдын их хурлаас хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмээ баталж, холбооны зөвлөлийн гишүүд, хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжилсан байна. Уг хурлаас Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны даргаар Улсын ерөнхий прокурорын орлогч дарга Г.Эрдэнэбатыг сонгосон юм.

Ингээд түүнээс Хуульчдын их хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

-Хуульчдын холбооны их хурлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмээ баталсан. Энэ дүрмийг батлах шаардлага нь юу юм бэ?

-Хуульчид сайн дураараа нэгдэж, ёс зүйгээ өндөрт өргөж, ёс зүйтэй байхыг шаардаж тулгаж, хуульчийн мэргэжлийн үйлчилгээг чанартай хүргэх талаас нь хуульчид нь хуульчийгаа хариуцлагажуулах зорилготой байгуулагдсан байгууллага нь Хуульчдын холбоо юм. Хуульчдын холбооны хурлын төлөөлөгчдийн 93 хувийн саналаар баталсан дүрмийг бид “хуульчдын байж болох хамгийн доод стандарт, түүнээс дээш ямар байж болох тухай” гэж ойлгож байгаа. Жирийн иргэнээс илүү өндөр ёс суртахуунтай, мэргэжлийнхээ ур чадварыг зөвхөн шударга ёсны төлөө зарцуулдаг, хуурах хууль бус үйл ажиллагаа явуулахын төлөө мэдлэг боловсролоо ашиглаад байдаггүй хуульчидтай байхын тулд мэргэжлийн дүрмийг баталсан. Өнөөдрийн нийгмийн орчинд хуулийн цоорхойгоор орж гараад, энэ үйлдлээ хэлбэрийн хувьд хууль ёсны мэт харагдуулдаг увайгүй хуульчид байсаар бол шударга ёс тогтдоггүй. Иймд зөв, ухаалаг, мэргэжлийн хуульчидтай болохын тулд энэхүү дүрмийг батлаж байна.

-Алдаа дутагдал гаргасан хуульчид ногдуулах хариуцлагыг ямар байдлаар тооцох вэ?

-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчид зарим тохиолдолд ур чадвар, туршлага дутаж болно. Зарим тохиолдолд зүгээр л увайгүйгээр хуулийг урвуулан ашиглах тохиолдол ч бий. Мэргэжлээ сайн эзэмшээгүйгээс алдаа дутагдал гаргасан нэгэнд шууд л лицензийг цуцлах зэрэг хариуцлага ярих, хуульчдын эгнээнээс гаргаж хаях гэхээс илүүтэй сургах, дахин хайхрамжгүй алдаа гаргахаас нь сэргийлэх, сануулах ёстой. Харин мэргэжлийн ёс зүйгээ умартан, өөрийн эзэмшсэн мэргэжил ур чадвар, эрх мэдлээ зориудаар хувийн ашиг сонирхлынхоо төлөө ашигласан хүнд сануулах зэрэг шийтгэл ярих нь утгагүй. Лицензийг нь цуцлаад, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь үргэлжлүүлэн шалгах тухай л ярина.

-Мэргэжлийн хариуцлагын хорооны ажил юунаас эхлэх вэ?

-Мэргэжлийн хариуцлагын хороо нь энэ тэргүүн хоёр чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой гэж харж байна. Нэгдүгээрт, хуульчийн мэргэжлийн дүрмийг хуульчдадаа хүргэх ёстой. Хуульч хүн өнөөдөр ийм өндөр ёс суртахууны шаардлагыг баримтлан ажиллах ёстой, жирийн иргэнээс илүү өндөр хариуцлага, нэр төрийг тээж явах үүрэгтэй боллоо шүү гэдгийг ойлгуулах, мэргэжлийн дүрмийг ухаж ойлговол эргээд хуйвалдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгочихлоо гэх мэтийн хардлага сэрдлэгээс хамгаалагдана шүү гэдгийг хуульчдадаа ойлгуулах ёстой. Стандартыг мөрддөг болоход нь туслах ёстой. Ингэснийхээ дараа ёс зүйн хэм хэмжээ, мэргэжлийн ёс зүйгээ умартсан, албан үүрэгтэй хайнга хандсан, мэргэжлийн үйлчилгээгээ үзүүлж чадаагүйн улмаас иргэдийг хохироосон бол хариуцлага тооцох ажлыг хийнэ.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж