Гал сөнөөгчдийг 500 мянган төгрөгөөр шагналаа

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Гал сөнөөгчдийг 500 мянган төгрөгөөр шагналаа

Одоогоос 140 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 20-ны өдөр Саруул захад гал түймэр гарч, ихээхэн хэмжээний хохирол учирсан. Гэнэтийн гамшигт өртсөн тус захынхан харин өнөөдөр захаа сэргээн засварлаж, шинээр үүд хаалгаа нээж байна. Хотын төвд байрлалтай, хамгийн олон машины зогсоолтой гэгддэг байсан “Саруул зах” шинэчлэл хийснээр хөргөлт, агааржуулалтын хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглосон, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан, ялангуяа дохиол хамгаалалт, аюулгүй байдлыг онцгой анхаарсан орчин үеийн маркет болжээ. Хэдийгээр галын гашуун зовлон тохиолдсон нь асар богино хугацаанд өмнөхөөс илүү тохилог, цэвэр ажлын байртай болсондоо түрээслэгчид ч их баяртай байлаа. Харин “Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяр “Энэ бол манай хамт олны эв нэгдэлтэй байж, нэгэн хүч сэтгэлээр хандаж, ажиллаж чадсаны хүч” гэж байлаа. Өмнө нь галын аюул янз бүрийн залгуур хэрэглэж байснаас үүдэлтэй байсан бол тэд энэ удаа бүх лангуу, түрээслэгчдийн хөргүүр, цахилгаан хэрэгслүүдийг Европ стандартаар хангасан байна. Мөн эрүүл ахуй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан. Тухайлбал, жимсний лангуунд гэхэд амталгаа хийхэд шаардлагатай гар угаагуур бэлтгэжээ.

Орчин цагийн жишигт нийцсэн шинэ захынхаа нээлтийг хийсэн энэ өдөр баярт үйл явдал олон тохиолоо. Тус захынхан энэ өдөр 1000 хүүхэд баярлуулан гарын бэлэг өгч, дүрсгүй жаалуудын хөөр хөгжөөн захын нээлтэд бас нэг өнгө, баяр нэмлээ. Мөн “Монгол глобал” компанийн зүгээс гал гарангуут шуурхай ирж ажиллан галын тархацыг зогсоож чадсан нийт 28 гал сөнөөгчийг тус бүр 500 мянган төгрөгөөр шагналаа. Хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч амь биеэ золин бусдыг аюулаас авардаг гал сөнөөгчдийг ийнхүү шагнасан нь олны талархлыг хүлээв. Мөн хүнд хэцүү үед хамтдаа байж, хүлээцтэй хандаж байсан түрээслэгч нартаа гурван сарын турш 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрхийн  бичиг олголоо. “Монгол глобал”-ын захирал Б.Ганбаяр өөрийн биеэр уучлал гуйж, “Бидний буруугаас гал гарч, ажлыг тань тасалдуулсанд уучлаарай” хэмээгээд хоёр сар ямар ч түрээс авахгүй ажиллуулах болсноо мэдэгдсэн юм. Захын түрээслэгчдийн хувьд гал гарч, ажлын байргүй боллоо гэж гутарч байсан бол харин ч маш богино хугацааны дотор захаа засварлаж, илүү тохилог орчинтой болгосонд талархаж байлаа. Мөн энэ үеэр галд өртсөн иргэдэд даатгалын байгууллагаас нөхөн олговрыг олгов. Тухалбал “Ард даатгал” 13 түрээслэгчид 17 сая 274 мянган төгрөгийн нөхөн олговор олгосон юм.

Өмнө тус захад 100 гаруй хүн ажиллаж байсан бол одоо өргөжүүлснээр 200 хүний ажлын байр бий болж байгаа аж. Саруул маркет дээр дурдсанчлан бүхий л тоног төхөөрөмжийг шинэчилснээс гадна дулаалга бүхий гадаа бөөний төвтэй, явган болон тэргэнцэртэй хүн зорчих бүх боломжийг хангасан байна. 

Ийнхүү галын аюулд өртсөн “Саруул” “Саруул маркет” болон өргөжиж, морин хуурын аялгуу, уртын дууны уухай, хүүхдийн хөөр хөгжил, гал сөнөөгч баатруудын ёсолгоотой нээлтийн ёслол боллоо.

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж