
Дэлхий дахинд:
Дэлхий дээр өдөр бүр 16 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас амиа алддаг нь хүн амын нийт нас баралтын 12 хувийг эзэлдэг байна. Ослын улмаас амиа алдагсдын гуравны нэг нь 1-40 насныхан байдаг аж. Эдгээр осол гэмтлийн 25 хувь буюу дийлэнх нь зам тээврийн ослоос шалтгаалдаг бөгөөд зам тээврийн ослын шалтгаант нас баралтын 50 хувийг 15-44 насныхан эзэлдэг байна. Зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 85, зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой хөдөлмөрийн чадвар алдалтын 90, хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 96 хувь нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолддог байна.
Зам тээврийн осол гэмтлийн дагуулж буй нийгэм эдийн засгийн хохирол:
Дэлхий дээрх зам тээврийн осол гэмтлийн шууд хохирол 518 тэрбум ам.доллар, харин бага орлоготой орнуудынх 65 тэрбум ам.доллар буюу энэ нь эдгээр орнуудын хөгжилд зарцуулагдаж буй нийт санхүүжилтээс ч илүү байдаг гэнэ.
Монголд:
1997-2007 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр осол гэмтэл нь Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны гуравдугаарт, өвчлөлийн шалтгааны тавдугаарт ордог байна. Улсын хэмжээнд 2008 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр осол гэмтлийн шалтгаант нас баралтын 18,9 хувь нь зам тээврийн осол, 15,4 хувь нь амиа хорлох, 12,4 архины шалтгаант осолт хордлого, 48,1 хувь нь бусад ослоор нас барсан байна. Улсын хэмжээнд 2009 оны Замын цагдаагийн газрын мэдээгээр 0-16 насны нийт 564 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 36 нь нас барсан байна. Насаар нь авч үзвэл, 0-6 насных 16,3 хувь, 7-16 насных 83,4 хувийг эзэлж байгаа аж. 2004-2008 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр Монгол Улсад зам тээврийн ослоос болж өдөр бүр 1-2, сард дунджаар 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна гэсэн тооцоо гарч байсан ч осол хэргийн тоо жилээс жилд өссөөр байна. Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 53 хүн амиа алдаж байсан бол 2010 оны эхний улиралд 58 хүн нас барсан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо харин 10,8 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ онд 148, өнгөрсөн жил 166 хүн зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн байна. Иймд Монгол хүний дундаж наслалт, амьдралын чанарт шууд нөлөөлж буй зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад салбар хоорондын уялдаа, олон нийт иргэдийн оролцоо нэн чухал байна.
Эрүүл мэндийн салбар юу хийх шаардлагатай вэ?
-Зам тээврийн осол гэмтлийг бүртгэж мэдээлэх, тандалтын тогтолцоог боловсронгуй болгох
-Зам тээврийн осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх
-Эмнэлгийн бус хүмүүст анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадал олгох ажлыг мэргэжлийн арга зүйгээр хангах
Боловсролын салбар юу хийх шаардлагатай вэ?
-Ерөнхий боловсролын, их дээд, коллеж, техник мэргэжлийн сургуулиудад осол гэмтэл, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, анхны тусламж үзүүлэх чиглэлээр ур чадвар олгох сургалт явуулах, сургалтын орчныг бүрдүүлэх
Дэд бүтцийн салбар юу хийх шаардлагатай вэ?
-Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ур чадвар, замын байгууламж, орчны нөхцөл, бодлого, тулгамдсан асуудалд үнэлгээ хийх
-Замын аюулгүй байдлын үндэсний стратеги боловсруулж, хэрэгжилтийг хангах
-Зам тээврийн аюулгүй байдлын стандартыг боловсруулж, аюулгүй байдлыг хангасан дэд бүтцийг бий болгох
-Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангахуйц орчин бүрдүүлэх
-Дугуйгаар болон явган явахыг бодлогоор дэмжих
Сангийн яам юу хийх шаардлагатай вэ?
-Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт, хүний нөөцийг бий болгох
Замын цагдаа болон хууль хяналтын байгууллага юу хийх шаардлагатай вэ
-Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтыг чангатгах
-Иргэдэд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг үр өгөөжтэй хэлбэрээр зохион байгуулж, үр дүнг тооцох
-Осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтарч зохион байгуулах
-Замын цагдаа нарт зам тээврийн осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн ур чадвар олгох
-Хамгаалалтын бүс, хамгаалалтын малгай, хурдны хязгаар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг захиргааны арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, чангатгах
-Жолооч бэлтгэх журмыг боловсронгуй болгож хэрэгжүүлэх
Орон нутгийн удирдлага юу хийх шаардлагатай вэ?
-Харьяа орон нутгийн байгууллагуудын дунд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, замын нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх
-Нийтийн тээврийг сайжруулж, олон хүн зорчдог болгох (аюулгүй, зогсоолыг ойртуулах, ид ачаалалтай, ажлын цагаар нэгдүгээр эгнээгээр явдаг болгох, цэвэр тохитой орчныг бий болгох)
-Зам тээврийн осол гэмтлийн эрсдлийг тодорхойлох судалгаа, иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийх, хүүхэд, залуучуудыг замын хөдөлгөөнд аюулгүйгээр оролцох ур чадвар эзэмшүүлэх сургалт, сурталчилгааг тогтмол үр дүнтэй хийх орчныг бүрдүүлэх
Олон нийт, төрийн бус байгууллага юу хийх шаардлагатай вэ?
Олон нийт, иргэдэд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх орчин бүрдүүлэх үйл ажиллагааг төрийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулах, мэдээлэл, сургалт сурталчилгаа
Иргэд юу хийх шаардлагатай вэ?
-Хувь хүн бүр замын хөдөлгөөнд оролцохдоо иргэний үүргээ биелүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг биелүүлэх
-Бага насны хүүхдийг харгалзагчгүйгээр орхихгүй байх, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зам хөндлөн гарахад нь туслах.
П.Наран