Ж.Энхбаяр: “Алтайн хүдэр”-ээс авлига аваагүй

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: “Алтайн хүдэр”-ээс авлига аваагүй

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаярыг “Алтайн хүдэр” компаниас хандив нэрээр их хэмжээний мөнгө авсан, эл асуудлыг АТГ шалгах шаардлагатай гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас зарим асуултад хариулт авлаа.

-Таныг “Алтайн хүдэр” компаниас ТББ-ын хандив нэрээр олон  зуун сая  төгрөг авсан гэх мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Би “Алтайн эрин сан”  ТББ-ыг  Говь-Алтай аймагт санаачлан  байгуулаад долоон жил болж байна. Энэ байгууллага ашгийн бус, Хууль зүйн яаманд бүртгэлтэй, Татварын ерөнхий газарт тайлангаа танилцуулдаг, татварын байгууллага хяналт тавьдаг тийм л байгууллага. Өнгөрсөн  долоон жилийн хугацаанд нийтдээ нэг тэрбум, 257 сая 644 мянган төгрөгийн сайн санааны хандив, тусламж хуримтлуулж, нийгмийн тустай үйл хэрэгт зарцуулсан байгаа. Говь-Алтай аймагт төрийн бодлого хүрэхгүй, төсвийн мөнгөөр шийдэх боломжгүй олон арван асуудал байдаг. Энэ бүхнээс нь шийдэх боломжтой асуудалд тодорхой гарц хайж, бид ТББ байгуулан, үйл ажиллагаа явуулж ирсэн. Миний хувьд “Би ийм тийм юм хийлээ” гэж олон нийтэд тэр болгоныг тайлагнаад байх нь  зохисгүй гэж үздэг. Хэвлэлээр бичээд байгаа асуудлыг Говь-Алтай аймгийн АН-ын дарга н.Амгаланбаатар  гэж хүн гаргаж тавьсан  гэхээр ямар зорилготой  нь харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд алтайчуудын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон арван хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсэн. Бас урлаг, спортынхноо дэмжихээс эхлээд ган, зудны үед малчдадаа туслах, нутгаасаа гарсан урлаг, спортын чиглэлээр хөдөлмөрлөж буй  залуусаа дэмжих зэрэгт манай ТББ-ын үйл ажиллагаа чиглэж ирсэн. УИХ-ын гишүүн надад болон  манай ТББ-д  олон зуун залуус, иргэд ханддаг. Аймгийн хувьд “Алтайн хөгжил-21 дүгээр зуун”, “Шинэ эрин”, “Алтайн эрин” гэсэн гурван ТББ  идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Хэвлэлд бичсэн мэдээлэлд “Шинэ эрин”, “Алтайн эрин” ТББ-ын хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дурдсан байсан.

-“Алтайн хүдэр” компаниас хэдэн төгрөг  хандивласан юм бэ?

-“Алтайн хүдэр” компани бол Говь-Алтай аймгийн хамгийн том аж ахуй нэгж, 800 гаруй иргэнийг ажлын байраар хангасан, үндэсний томоохон компани. Хоёр жилийн хугацаанд буюу 2010, 2011 онд нийтдээ 115 сая төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. 2007-2009, 2012 зэрэг  сонгуулийн жилүүдэд энэ компаниас нэг ч төгрөгийн хандив аваагүй. “Алтайн эрин” ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж, өөрийнхөө болон манай гэр бүлийн зүгээс  600 сая төгрөгийн хандив өгсөн байх жишээтэй. Миний хувьд уул уурхайн лиценз, шахааны бизнес байхгүй, би тендерт оролцдоггүй гэдгийг хэлье.

-“Алтайн хүдэр” компаниас хандив нэрээр авлига авч, ямар нэгэн байдлаар үйл ажиллагаанд нь  дэмжлэг  үзүүлдэг гэдэг хардлага байна л даа?

-Намайг гишүүн болохоос өмнө нь “Алтайн хүдэр” компани үйл ажиллагаа явуулж л байсан шүү дээ. Би “Алтайн хүдэр” компанид ямар давуу байдал олгоно гэж. Шударга бус зүйлд үндэслэлгүй хардах нь ТББ-д сэтгэлээрээ хандив өргөж байсан хүмүүст хүнд цохилт болж байгаа. Чухам ямар ямар төсөл хөтөлбөрт зарцуулсан болохоо шаардлагатай бол удахгүй тайлбарлахад бэлэн байна.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж