Бусад салбараа хөгжүүлэхийг Дэлхийн банк сануулав | News.MN

Бусад салбараа хөгжүүлэхийг Дэлхийн банк сануулав

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Бусад салбараа хөгжүүлэхийг Дэлхийн банк сануулав

Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймыг өнөөдөр танилцууллаа. Тус бүсийн ерөнхий эдийн засагч Бэрт Хофман танилцуулгыг хийсэн бөгөөд тэрбээр Сингапураас видео конференс хийлээ. Түүнтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Индонезийн Жакарта, Филиппиний Манила, Тайландын Бангкок, Мьянмарын Янгон, Энэтхэгийн Дели, Камбожийн Пномпень хотуудаас холбогдон, эдийн засгийн тоймтой холбоотой мэдээллийг тодруулан асуусан юм.

Голчлон хөгжиж буй орнуудаас бүрддэг Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг энэ онд өмнөх жилүүдээс харьцангуй удаашралтай байгаа ч оны эхний хагаст 7,1 хувийн өсөлттэй гарч, дэлхий нийтийн хэмжээнд тэргүүлсээр байгааг  ноён Бэрт Хофман онцолсон бол  “Энэ бүс нутаг нь дэлхийн ДНБ-ий 40 хувийг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна” гэж тус бүс нутгийг хариуцсан дэд ерөнхийлөгч Аксел ван Тротсембург  дүгнэжээ.

Энэхүү бүс нутагтаа хэмгийн хүчтэй орны нэг нь мэдээж БНХАУ. Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд урьдчилан таамаглаж байсанчлан 7,5 хувьд хүэрэх боловч тус улсын эрх баригчдын хийж буй  бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор олон улс оронд эрсдэл тулгарсан гэж Дэлхийн банкныхан үзсэн байна. Эрсдэлд орсон улс орны нэг нь болох манай улсын хувьд “Зөвхөн уул уурхай, эрдэс баялгийн салбарт найдах нь Монголд эрсдэлтэй. Тиймээс бусад салбараа хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэх нь зөв юм. Ойрын 5-10 жилдээ Хятадын эдийн засаг дотоодын эрэлтэд уурилсан байдлаар хөгжих хандлагатай байгаа. Тиймээс хятадын эрэлт улам бүр багасна гэдгийг Монгол Улс тооцоолох учиртай ” гэсэн зөвлөгөөг Дэлхийн банкнаас өгч байна.

Д.ЦЭЭНЭ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж