“НИК” 4.9 тэрбумын торгууль төлөхгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

“НИК” 4.9 тэрбумын торгууль төлөхгүй боллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ хуурамчаар буюу хууль бусаар шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар “НИК” ХХК-ийг 4.9 тэрбум төгрөгөөр торгохоор болсныг “НИК” компанийнхан хүлээн зөвшөөрөлгүй, шүүхэд хандаад байсан юм.

Тэгвэл эл хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдаанаар хянан хэлэлцэж, эцэслэлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч “НИК” ХХК нь ШӨХТГ-ын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарын өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-нд гаргасан албан шаардлага, 4.9 тэрбумын шийтгэврийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаад байсан юм. Энэхүү хүсэлтийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар өмнө нь хэлэлцээд, “НИК компани дээрх үйлдэлд тодорхой хэмжээний буруутай нь үнэн хэдий ч торгуулийн хэмжээг дахин хянаж тогтоох шаардлагатай” гэж үзсэн байна. Ингээд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнөөдөр эл хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ. Тиймээс НИК компанид оногдуулсан 4,9 тэрбум төгрөгийн хэмжээг ШӨХТГ-аас дахин тогтоох болж байна.

Сануулахад, “НИК” ХХК-ийг шатахууны нөөц хангалттай байсан ч зөвхөн талонтой иргэдэд үйлчлэх зэргээр хязгаарлалт хийж болохгүй гэж анхааруулсаар байтал өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 6,7-нд шатахуун борлуулахдаа хязгаарлалт хийн зөвхөн талоноор хэрэглэгчдэд үйлчилсэн гэж ШӨХТГ-аас торгосон байдаг.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж