Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Гурван тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ. Арван цэцэрлэг, эсвэл дөрвөн сургууль барьж болно.  2013 он улсын төсөвт 100 гаруй хүүхэд хүмүүжих  нэг цэцэрлэг барихад 280 сая төгрөг төсөвлөсөн гэж тооцоолбол гурван тэрбум төгрөгөөр 10 цэцэрлэг барих боломжтой гэсэн үг. Тэгвэл “Хог хаягдлын шинэ менежмент” хөтөлбөрийн хүрээнд “Азийн цагаан дагина” хэмээх хогны уут үйлдвэрлэж тараахад нийтдээ гурван тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм байна.

Үе үеийн нийслэлийн удирдлагуудын толгойны өвчин нь хог хаягдал байсан. Тиймээс “Улаанбаатар хотын хог хаягдлын шинэ менежмент” гэсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэлийн айл өрхүүдэд орчин үеийн хогны уут тарааж эхлээд байна. Өнгөрсөн зун хотын ногоон бүсийн 20 амны зусланд гарсан айл өрхүүдэд хогны уут тараасан нь үр дүнтэй ажил болсон гэж нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан үзэж байгаа бололтой юм. Тиймээс орон сууц, гэр хороолол гэж ялгаварлахгүйгээр нийслэлийн 317 мянган айлд хогны уут тараах бөгөөд зориулалтын уутанд хийгээгүй тохиолдолд тухайн айлын хогийг ачихгүй гэдгээ Хот тохижилтынхон хатуу мэдэгдэв. Тэгэхээр нийслэлчүүд хагас тунгалаг материалаар хийгдсэн, ногоон өнгөтэй, 15 килограммын даацтай уутанд хогоо хийхээс өөр аргагүйд хүрч байгаа юм. Сард нэг өрхөд 15 уут тараана, харин аж ахуйн нэгжүүдэд нэг уутыг 95 төгрөгөөр зарах гэнэ. Энэ ямар хялбархан хэрнээ “амттай” бизнес вэ. Тархиа зовоох шаардлагагүй бас бүтээгдэхүүнээ худалдах гэж махийхгүй. Айл бүрийг хогны уутаар хангах төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, гурван тэрбум 165 сая төгрөгөөр “ОБ пластик”, “Монгол хэвлэл” компанитай хамтран энэхүү уутыг  үйлдвэрлэж байгаа гэнэ. Өөрсдийнхөө үйлдвэрийг дэмжилгүй л яахав. Гол нь гүйцэтгэл нь сайн байх ёстой.

Эцэст нь ийм олон ажил болж байж хэрэгжүүлж байгаа юм чинь хотын хог хаягдал багасвал сайн л байна. Гэхдээ нийслэлийн айл өрхүүд өмнө нь өөрсдөө гялгар уут худалдаж аваад хогоо хаяж болоод л байсан. Заавал гурван тэрбумаар хогны уут үйлдвэрлэж, тараах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм билүү. Эдийн засаг хүндрэлтэй, улсын төсөв нь нэг их наяд 500 тэрбумын алдагдалд орчихоод байхад арван цэцэрлэг барих мөнгөөр хогны уут үйлдвэрлэж байдаг яасан баян улс вэ, бид чинь. Мэдээж энэ уутанд гэр хорооллынхон халуун үнс нурам хийж болохгүй. Гэтэл сардаа, заримдаа хоёр гурван сараар алга болчихдог хогны машинаас нь болж өвлийн цагт гэр хорооллынхны хувьд түлсэн нүүрснийхээ үнсийг яах вэ гэсэн том асуудалтай тулгардаг.

Зуун төгрөгийн шар тор, "гурван тэрбумын үнэ"-тэй “Азийн цагаан дагина” гэх уутны алинд нь ч хогоо хийсэн ч адилхан. Нөгөө хэдэн “хог ухагчид” нь онгичоод тараачих нь тодорхой болохоор харин үүнийхээ оронд хог ачдаг машинаа ядаж л долоо хоног бүр ажилдаа гарах шатахуунаар нь хангачих хэрэгтэй бус уу. "Иргэд маань олон улсын жишгээр эко уутыг хэрэглэж хэвшээд байгаа. Тиймээс бид эко гэдэг утгаар нь ногоон өнгийг сонгосон юм” хэмээн Захирагчийн ажлын албаны нөхөр зурагтаар ярьж байна лээ.  Ногоон өнгөтэй уут тараахаараа эко болчихдог нь бас юу ч билээ.

Хог хаягдлын тухай хуулийг зөрчиж, ногоон өнгөтэй “Азийн цагаан дагина”-ыг авч ашиглаагүй бол иргэдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгож, аж ахуйн нэгжийг дээрх дүнг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн  торгууль ногдуулах юм байна. Монголчууд үнэгүй юм, хүний юманд нугасгүй болохоор улсын төсвөөс хэн ямар аргаар юу үйлдвэрлэж, ямар шахаа хаана явагдаж байгаа нь бидэнд хамаагүй гээд эко уутыг нь дуртайяа авна. Даанч гурван тэрбумаар 10 цэцэрлэг барьсан бол хичнээн хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэх ганцаардлаас аврагдах вэ гэдгээ л бодолцмоор байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа цайны газар, ресторан, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, албан газар, аж ахуйн нэгжүүд нэг уутыг 95 төгрөгөөр худалдан авна гэхээр зүгээр сууж байгаад л бөөн мөнгө олчих ашигтай хэрнээ, хялбархан бизнес чинь энэ биш үү. Би хогны уут үйлдвэрлэмээр байна санж.

 Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж